НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенци

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенци

Энэхүү Конвенцид оролцогч улсууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах үндэс болно гэж үзэж,

Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэд итгэдгээ нотолж, нийгмийн дэвшлийг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд илүү эрх чөлөөтэйгээр дэмжлэг үзүүлэх саналтай байгааг анхаарч;

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд болон хүний эрхийн тухай олон улсын пактуудад заасан бүхий л эрх, эрх чөлөөг хүн бүр арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний хийгээд нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад байдлыг үл харгалзан, аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстойг хүлээн зөвшөөрч;

Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж;

гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож;

аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангах болохыг хүлээн зөвшөөрч;

хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, ялангуяа энх тайван, нэр төр, тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх болон эв санааны нэгдэл бүхий үзэлтэйгээр өсөн хүмүүжих ёстой гэж үзэж;

хүүхдэд ийм онцгой халамж тавих шаардлага байгаа тухай Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевын тунхаглал, Ерөнхий Ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батласан Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 23, 24 дүгээр зүйлүүд/, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /тухайлбал 10 дугаар зүйл/, түүнчлэн хүүхдийн аж байдлын асуудал эрхэлсэн олон улсын болон төрөлжсөн байгууллагуудын холбогдох баримт бичиг, дүрэмд тусгагдаж хүлээн зөвшөөрснийг анхааралдаа авч;

“хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг” Хүүхдийн эрхийн тунхаглалд заасныг анхааралдаа авч;

хүүхдийн аж байдал, хамгаалалтын талаархи нийгэм, эрх зүйн зарчмын тухай тунхаглалын заалт, ялангуяа улс болон улс хооронд хүүхэд хүмүүжүүлэх, үрчлүүлэхээр шилжүүлэх, Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын наад захын жишиг дүрэм /Бээжингийн дүрэм/, Онц байдал болон зэвсэгт мөргөлдөөний үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах тухай тунхаглалын заалтыг иш үндэс болгож; дэлхийн улс бүрт хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд байгаа бөгөөд тэдэнд онцгой анхаарал шаардлагатайг хүлээн зөвшөөрч;

хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлс чухал гэдгийг харгалзан үзэж;

улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрч,

дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I Хэсэг

1 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.

2 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.

2. Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.

3 дүгээр зүйл:

1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.

2. Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.

3. Оролцогч улсууд хүүхдийг халамжлах, хамгаалах үүрэг бүхий газар, алба, байгууллагыг аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт, ялангуяа ажилчдын орон тоо, чадавхид хяналт тавих үүднээс эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцсэн нөхцлөөр хангана.

4 дүгээр зүйл:

Оролцогч улсууд энэхүү Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглах, шаардлагатай бол, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авна.

5 дүгээр зүйл:

Оролцогч улсууд эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ.

6 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө.

2. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.

7 дүгээр зүйл:

1. Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.

2. Оролцогч улсууд эдгээр эрхийг, ялангуяа хүүхэд иргэний харьяалалгүй болох тохиолдолд үндэсний хууль тогтоомж, холбогдох олон улсын баримт бичгийн дагуу хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн хэрэгжүүлнэ.

8 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хуульд заасан иргэний харьяалалтай байх, нэр авах, гэр бүлийн холбоогоо хадгалах зэргээр хувийн онцлог байдлаа хадгалах хүүхдийн эрхийг хүндэтгэх, үүнд хууль бусаар оролцохгүй байх үүрэг хүлээнэ.

2. Оролцогч улсууд хүүхэд хувийн онцлог байдлаа зарим талаар буюу бүхэлд нь хууль бусаар алдахад хүрвэл даруй сэргээн тогтооход чиглэсэн тусламж, хамгаалалт үзүүлнэ.

9 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг эх хүүхэддээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох аливаа асуудлыг хэлэлцэхэд сонирхогч бүх талыг оролцуулж, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог тэдгээрт олгоно.

3. Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ.

4. Хүүхдийн эцэг эхийн аль нэг нь буюу хоёулаа эсхүл хүүхэд нь баривчлагдах, хоригдох, цөлөгдөх, хөөн зайлуулагдах буюу нас барах /тухайн улсын хяналтад байх хугацаанд нас барах/ зэргээр оролцогч улсын санаачлагаар авсан арга хэмжээний үр дүнд хүүхэд эцэг эхийн аль нэгнээс буюу хоёулангаас салах тохиолдолд аливаа шалтгаанаар хүүхдийн сайн сайхан байдалд хор учруулахааргүй бол оролцогч улсууд эцэг эх, хүүхдэд, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд, тэдгээрийн хүсэлтээр алга болсон гишүүний оршин байгаа газрын талаар шаардагдах мэдээлэл өгнө. Цаашид оролцогч улсууд ийнхүү хүсэлт гаргах нь зохих хүмүүст сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг хангана.

10 дүгээр зүйл:

1. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу гэр бүлтэйгээ нэгдэх зорилгоор оролцогч улсад очих буюу гарах тухай хүүхэд, түүний эцэг, эхээс гаргасан хүсэлтийг нааштай, энэрэнгүй, шуурхай байдлаар авч үзвэл зохино. Ийм хүсэлт нь хүсэлт гаргасан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд сөрөг үр дагавар бий болгохгүй байхыг оролцогч улс хангана.

2. Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүй тохиолдолд эцэг эхтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй. Энэ зорилгоор, мөн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор, оролцогч улсууд хүлээсэн үүргийнхээ дагуу эх орноосоо буюу өөр аливаа улсаас гарах, эх орондоо эргэж ирэх хүүхдийн болон түүний эцэг, эхийн эрхийг хүндэтгэнэ. Аливаа орныг орхин гарах эрхийн хувьд гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон болон энэхүү Конвенцоор хүлээн зөвшөөрсөн бусад эрхтэй нийцсэн хязгаарлалт хийнэ.

11 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийг хууль бусаар шилжүүлэх буюу гадаад улсаас эх оронд нь буцаахгүй байхтай тэмцэх арга хэмжээ авна.

2. Энэ зорилгоор оролцогч улсууд хоёр талт болон олон талт хэлэлцээр байгуулах буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэлэлцээрт нэгдэн орох арга хэмжээ авна.

12 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.

2. Энэ зорилгоор өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгоно.

13 дүгээр зүйл:

1. Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.

2. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд зарим хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь хуульд зааснаар:

(a) бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх;

(b) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай байвал зохино.

14 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд нь чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх хүүхдийн эрхийг хүндэтгэнэ.

2. Оролцогч улсууд хүүхэд эрхээ хэрэгжүүлэхэд өөрчлөгдөж буй чадварт нь нийцүүлэн, эцэг эхийн хийгээд зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийн удирдах эрх, үүргийг хүндэтгэнэ.

3. Шашин шүтэх буюу итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө нь гагцхүү үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын ёс суртахуун, эрүүл мэнд болон бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон хязгаарлалтад захирагдаж болно.

15 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө.

2. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд гагцхүү ардчилсан нийгэмд үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хуульд нийцүүлэн тогтоосон хязгаарлалтаас өөр хязгаарлалт тогтоож болохгүй.

16 дүгээр зүйл:

1. Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй.

2. Хүүхэд хөндлөнгийн ийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.

17 дүгээр зүйл:

Оролцогч улсууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, хүүхэд нь олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас мэдээлэл, материал олж авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, материал олж авах боломжоор хангана. Энэ зорилгоор оролцогч улсууд:

(а) олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдэд нийгэм, соёлын харилцаанд ашигтай бөгөөд 29 дүгээр зүйлийн үзэл санаанд нийцсэн мэдээлэл, материал дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжинэ;

(b) соёлын, үндэсний болон олон улсын аливаа эх сурвалжаас ийм мэдээлэл, материалыг боловсруулах, солилцох, дэлгэрүүлэх талаархи олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ;

(c) хүүхдийн уран зохиолын ном хэвлэх, дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжинэ;

(d) хүн амын цөөнх буюу уугуул хүн амд хамаарах хүүхдийн хэлний шаардлагыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онцгой анхаарахыг хөхиүлэн дэмжинэ;

(e) 13, 18 дугаар зүйлийн заалтад үндэслэн хүүхдийн сайн сайхан байдалд хохирол учруулах мэдээлэл, материалаас түүнийг хамгаалах зарчим боловсруулахыг хөхиүлэн дэмжинэ.

18 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн.

2. Энэхүү Конвенцид заасан эрхийг дэмжин хэрэгжүүлэх, баталгаажуулахын тулд оролцогч улсууд хүүхэд хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхэд нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид зохих тусламж үзүүлэх бөгөөд хүүхэд асран хамгаалах байгууллага, ажил үйлчилгээг хөгжүүлэх явдлыг хангана.

3. Оролцогч улсууд эцэг эх нь ажил хийдэг хүүхдүүд өөрсдөд нь зориулсан асрамжийн алба, газрын үйлчилгээг ашиглах эрхээ эдлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

19 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна.

2. Хамгаалалтын ийм арга хэмжээ нь хүүхэд, тэднийг асран халамжилдаг хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор нийгмийн хөтөлбөр боловсруулах, түүнчлэн хүүхдэд хэрцгийгээр хандахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, авч хэлэлцэхээр шилжүүлэх, мөрдөн байцаалт явуулах, эмчлэх, шаардлагатай тохиолдолд шүүх ажиллагаа явуулах болон бусад арга хэмжээг тусгасан журмыг агуулна.

20 дүгээр зүйл:

1. Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ.

2. Оролцогч улсууд үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу ийм хүүхдийг өөр орчинд асран халамжлах бололцоог бүрдүүлнэ.

3. Хүүхдийг ийнхүү асран халамжлах нь асрамж хамгаалалтад түр шилжүүлэх, лалын шашинтны хууль ёсны дагуу “кафала” хэрэглэх, үрчлүүлэх буюу шаардлагатай тохиолдолд хүүхдийг асран хүмүүжүүлэх зохих байгууллагад өгөх зэрэг хувилбартай байж болно. Эдгээр хувилбарыг авч үзэхдээ хүүхдийн хүмүүжлийн залгамж чанарыг эрхэмлэхийн дээр түүний гарал угсаа, шашин болон соёлын хамаарал, төрөлх хэлийг зохих ёсоор харгалзан үзэх ёстой.

21 дүгээр зүйл:

1. Үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдгээр нь:

(а) хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ;

(b) хэрэв хүүхдийн хүмүүжил буюу үрчлэлтийг хангаж чадахуйц гэр бүлд байлгах буюу хүмүүжүүлэх зорилгоор шилжүүлэх, эсхүл тухайн хүүхдийн төрсөн оронд зохих ёсоор нь асрамжлах боломжгүй бөгөөд өөр оронд үрчлүүлэх нь хүүхдийг асарч хамгаалах боломжтой арга хэмээн авч үзэж, хүүхдийг асран хамгаалалтад түр шилжүүлэх, тохирох гэр бүлд үрчлүүлэх, эсхүл эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрнө;

(c) хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг баталгаа болон хэм хэмжээг адил хэмжээнд хангана;

(d) улс хооронд үрчлүүлэх хүүхдийг шилжүүлэн суурьшуулахад оролцсон хүмүүс энэхүү үйл ажиллагаанаас санхүүгийн ашиг хонжоо олохгүй байх шаардлагатай бүх арга хэмжээ авна;

(e) энэ зүйлийн зорилтыг хангах үүднээс шаардлагатай бол хоёр талт буюу олон талт хэлэлцээр байгуулах, тэрчлэн хүүхдийг өөр улсад шилжүүлэн суурьшуулах ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг зорино.

22 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд эцэг эх нь буюу өөр бусад хүн дагалдсан эсэхийг үл харгалзан дүрвэгчийн эрх олж авахыг хүссэн буюу дагаж мөрдөж байгаа олон улсын буюу дотоодын хууль, журмын дагуу дүрвэгч хэмээн тооцогдох хүүхдэд энэхүү Конвенц болон тухайн орны нэгдэн орсон хүний эрхийн буюу хүмүүнлэгийн олон улсын бусад баримт бичигт заасан эрхээ эдлэхэд зохих хамгаалалт, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай арга хэмжээг авна.

2. Энэ зорилгоор оролцогч улсууд дүрвэгч хүүхдийг хамгаалах, тусламж үзүүлэх, мөн түүнийг гэр бүлтэй нь нэгтгэхэд шаардагдах мэдээлэл олж авах үүднээс хүүхдийн эцэг эх буюу гэр бүлийн бусад гишүүнийг эрэн сурвалжлах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажилладаг засгийн газрын бус байгууллагаас авч хэрэгжүүлэх хүчин чармайлтад зохих дэмжлэг үзүүлнэ. Эцэг эх буюу гэр бүлийн бусад гишүүн нь олдохгүй бол энэхүү Конвенцид заасан ёсоор гэр бүлээсээ аливаа шалтгаанаар түр буюу бүрмөсөн хагацсан хүүхдэд хамаарах хамгаалалтыг тухайн хүүхдэд нэгэн адил авна.

23 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхдийн нэр төрийг хүндэтгэн өөртөө тулгуурлах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой орчинд бүрэн бүтэн, зохистой амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

2. Оролцогч улсууд тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхэд онцгой халамж хүртэх эрхийг хүлээн зөвшөөрч, хүүхэд болон түүний эцэг эх, асран халамжлах бусад хүний нөхцөл байдлыг харгалзан, тэдний гаргасан хүсэлтийн дагуу нөөц боломжийнхоо хэрээр туслалцаа үзүүлэх, онцгой халамж анхаарал тавихыг дэмжинэ.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхдийн онцгой хэрэгцээг ухамсарлан, эцэг эх буюу хүүхдийг асран халамжлах бусад хүмүүсийн санхүүгийн нөөц бололцоог харгалзан тусламжийг аль болохоор үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд энэхүү тусламж нь хүүхдийн хөгжил, түүний дотор хүүхдийн соёлын болон оюун ухааны хөгжлийг хангах, нийгмийн амьдралд оролцох бололцоог бүрдүүлэх сургалт, эрүүл мэндийн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, амралт, чөлөөт цагийн боломжоор хангахад чиглэнэ.

4. Оролцогч улсууд нь нөхөн сэргээх арга, мэргэжлийн бэлтгэлийн талаархи мэдээлэл олж авах зэргээр тахир дутуу буюу оюуны хомсдолтой хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, сэтгэл зүйн болон функц эмчилгээний салбарт мэдлэг туршлагаа өргөжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох мэдээлэл солилцох явдлыг хөхиүлэн дэмжинэ. Үүнтэй холбогдуулан хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал хандуулбал зохино.

24 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд боломжийн дээд түвшинд эрүүл байх, эрүүл мэндийн нөхөн сэргээх, өвчнийг эмчлэх нөхцөл бололцоо, арга хэрэгслээр хангагдах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд эрүүл мэндийн ийм үйлчилгээ хүртэх эрхийг хөсөрдүүлэхгүй байх талаар хүчин чармайлт гаргавал зохино.

2. Оролцогч улсууд энэхүү эрхийг бүрэн хэрэгжүүлж дараахь арга хэмжээг авна:

(а) нялхсын болон хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах;

(b) нэн тэргүүнд анхан шатны эмнэлэг-ариун цэврийн тусламжийг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулан бүх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тусламжийг үзүүлэх;

(c) хүрээлэн байгаа орчин бохирдох эрсдэл, аюулыг анхааралдаа авч, анхан шатны эмнэлэг-ариун цэврийн тусламжийн хүрээнд ундны цэвэр ус, тэжээллэг хоол хүнсээр хангах, бэлэн технологи ашиглах замаар өвчин эмгэг, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх;

(d) төрөхийн өмнө болон төрсний дараа эрүүл мэндээ хамгаалуулах зохистой үйлчилгээгээр жирэмсэн эхчүүдийг хангах;

(e) хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөхөөр хооллохын давуу тал, эрүүл ахуй, амьдрах орчны ариун цэвэр, осол аюулаас урьдчилан сэргийлэх талаархи мэдээллээр нийгмийн бүх давхарга, түүний дотор эцэг эх, хүүхдийг хангах, түүнчлэн энэ талын боловсролтой болох, суурь мэдлэгээ ашиглахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;

(f) эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эцэг эхчүүдэд зориулсан удирдамж заавар, гэр бүл төлөвлөлтийн боловсрол, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай арга хэмжээг авна.

3. Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна.

4. Оролцогч улсууд энэ зүйлд хүлээн зөвшөөрсөн эрхийг аажмаар бүрэн хэрэгжүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал хандуулна.

25 дүгээр зүйл:

Оролцогч улсууд асран хамгаалах, биеийн болон сэтгэл зүйн эмчилгээ хийх зорилгоор эрх бүхий байгууллагын шийдвэрээр асрамжинд авсан хүүхдийн эмчилгээ, сувилгаа, асран хамгаалахтай холбогдсон бусад бүх нөхцлийг тогтсон хугацаанд үнэлж дүгнүүлэх хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө.

26 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхэд бүр нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авна.

2. Хүүхдийн болон түүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хүмүүсийн нөөц боломж, нөхцөл байдал, хүүхэд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс тэтгэмж хүсч гаргасан өргөдөл, холбогдох бусад зүйлийг харгалзан тэтгэмж олгоно.

27 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд бие бялдар, оюун ухаан, оюун санааны болон нийгмийн хөгжлийг хангах түвшинд аж төрөх хүүхэд бүрийн эрхийг хүлээн зөвшөөрнө.

2. Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

3. Оролцогч улсууд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд үндэсний нөхцөл, хөрөнгө бололцоондоо нийцүүлэн эцэг эх, хүүхдийн төлөө хариуцлага хүлээж буй бусад хүнд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд материаллаг тусламж, ялангуяа хувцас, орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

4. Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх болон түүний талаар хариуцлага хүлээх бусад хүн өөрийн улсад болон хилийн чанадаас хүүхдээ тэжээн тэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна. Тухайлбал, хүүхэд болон түүний талаар санхүүгийн хариуцлага хүлээх хүн өөр улсад оршин суудаг бол оролцогч улсууд олон улсын хэлэлцээрт нэгдэн орох буюу хэлэлцээр байгуулах, бусад зохистой арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлнэ.

28 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр аажмаар хэрэгжүүлэхийн тулд дараахь арга хэмжээ авна:

(а) бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх;

(b) дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох;

(c) хүн бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах;

(d) боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгох талаархи мэдээллийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох;

(e) хүүхдийн хичээлийн оролцоог тогтмолжуулах болон сургууль завсардалтын түвшинг бууруулах.

2. Оролцогч улсууд сургуулийн дэг журмыг дэмжих үүднээс хүүхдийн нэр төрд хүндэтгэлтэйгээр хандуулах бүхий л арга хэмжээг энэхүү Конвенцид нийцүүлэн авна.

3. Оролцогч улсууд боловсрол олгохтой холбогдсон асуудлаархи тухайлбал, дэлхий дахинд бичиг үсэг тайлагдаагүй, харанхуй бүдүүлэг байдлыг арилгах, шинжлэх ухаан-техникийн мэдлэг болон сургалтын орчин үеийн аргыг эзэмших бололцоо бүрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал тавьбал зохино.

29 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдэд олгох боловсрол дараахь зүйлд чиглэх ёстой хэмээн үзэж байна:

(а) хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх, авьяас билэг, оюуны болон биеийн чадавхийг бүрэн төгс хөгжүүлэх;

(b) хүний эрх, үндсэн эрх чөлөө болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмыг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх;

(c) эцэг эх, соёл, хэл, үнэт зүйлс, амьдарч байгаа улсынхаа болон төрсөн улс орныхоо үндэсний үнэт зүйлс болон өөрийнхөөсөө ялгаатай соёл иргэншлийг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэх;

(d) харилцан ойлголцол, энхийг эрхэмлэх, хүлцэн тэвчих, эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, аливаа ард түмэн, угсаатны болон шашны бүлэг, нутгийн уугуул иргэдийг хүндэтгэх үзлийг хүүхдэд төлөвшүүлж чөлөөт нийгэмд хариуцлагатай амьдрахад бэлтгэх;

(e) байгаль орчныг хайрлан хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх.

2. Энэ зүйл болон 28 дугаар зүйлийн аливаа хэсгийг хувь хүмүүс хийгээд байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан, төрөөс тогтоосон боловсролын наад захын жишигт нийцүүлэн сургууль, боловсролын байгууллага байгуулахад чиглэсэн хувь хүн, байгууллагын эрх чөлөөг хязгаарласан байдлаар тайлбарлаж болохгүй.

30 дүгээр зүйл:

Угсаатан, шашин буюу хэлний цөөнх, нутгийн уугуул иргэд бүхий улсад ийм цөөнхөд харъяалагдах хүүхэд өөрийн бүлгийн бусад гишүүний хамт соёлоо дагах, шашнаа шүтэх, зан үйлээ үйлдэх, түүнчлэн төрөлх хэлээрээ ярихад саад тавьж болохгүй.

31 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, насныхаа онцлогт тохирсон тоглоом болон наадамд оролцох, соёлын амьдрал, урлан бүтээх үйл ажиллаганд чөлөөтэй оролцох эрхийг хүлээн зөвшөөрнө.

2. Оролцогч улсууд нь соёлын болон уран бүтээлийн амьдралд бүрэн оролцох хүүхдийн эрхийг дэмжин хүндэтгэж, соёл, уран бүтээл, амралт, чөлөөт цагийн үйл ажиллагаанд оролцох зохистой болон тэгш бололцоо олгоход дөхөм үзүүлнэ.

32 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалуулах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө.

2. Оролцогч улсууд энэ зүйлийг хэрэгжүүлэх үүднээс хууль тогтоох, захиргаа, нийгмийн болон боловсролын арга хэмжээ авна. Энэ зорилгоор олон улсын бусад баримт бичгийн холбогдох заалтыг удирдлага болгон, оролцогч улсууд:

(а) ажилд авах насны доод хязгаарыг тогтоож;

(b) ажлын цаг болон хөдөлмөрийн нөхцлийг зохистой зохицуулж;

(c) энэ зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс оногдуулах ял шийтгэл болон авч болох бусад арга хэмжээг зааж тогтооно.

33 дүгээр зүйл:

Оролцогч улсууд олон улсын холбогдох гэрээнүүдэд тодорхойлсон мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар хэрэглэх явдлаас хүүхдийг хамгаалах, эдгээр бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, борлуулахад хүүхдийг ашиглахаас сэргийлэх үүднээс хууль тогтоох, захиргаа, нийгэм, боловсролын болон шаардлагатай бусад бүх арга хэмжээг авна.

34 дүгээр зүйл:

Оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ. Энэ зорилгоор оролцогч улсууд дараахь зүйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндэсний, хоёр талт болон олон талт шаардлагатай бүх арга хэмжээг авна:

(а) хүүхдийг бэлгийн хууль бус аливаа ажиллагаанд татан оролцуулах буюу шахалт үзүүлэх;

(b) хүүхдийн биеийг үнэлүүлэх буюу бэлгийн хууль бус бусад ажиллагаанд ашиглан мөлжих;

(c) хүүхдийг садар самуун үзүүлбэр болон түүнийг сурталчилсан материалд ашиглах.

35 дүгээр зүйл:

Оролцогч улсууд хүүхдийг аливаа зорилго, хэлбэрээр хулгайлах, худалдах буюу хил дамжуулан худалдах явдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндэсний, хоёр талт болон олон талт шаардлагатай бүх арга хэмжээг авна.

36 дүгээр зүйл:

Оролцогч улсууд хүүхдийн аж байдлыг аливаа байдлаар хохироох аливаа бусад хэлбэрийн мөлжлөгөөс хүүхдийг хамгаална.

37 дүгээр зүйл:

Оролцогч улсууд:

(а) хүүхдэд эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхгүй байх, 18 насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах буюу суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оногдуулахгүй байх;

(b) хүүхдийн эрх чөлөөг хууль бусаар буюу дур мэдэн хязгаарлаж болохгүй. Хүүхдийг баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх;

(c) эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүрд насных нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг харгалзан нэр төрийг нь хүндэтгэн, хүнлэг хандана. Дээд ашиг сонирхолд нь харшилна гэж үзээгүй бол эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүрийг насанд хүрэгчдээс тусгаарлах, онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд гэр бүлтэйгээ харилцаатай байх, уулзах боломжоор хангах;

(d) эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих туслалцааг даруй авах, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх буюу эрх бүхий хараат бус, аль нэг талын эрх ашигт үйлчлэхгүй байгууллагаар тогтоолгох, шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй.

38 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд зэвсэгт мөргөлдөөний үед тухайн улсад дагаж мөрдөх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүүхдэд холбогдох журмыг хүндэтгэн хэрэгжүүлнэ.

2. Оролцогч улсууд 15 насанд хүрээгүй хүүхдийг дайн тулалдаанд биечлэн оролцуулахгүй байх бололцоотой бүх арга хэмжээг авна.

3. Оролцогч улсууд 15 насанд хүрээгүй хүнийг зэвсэгт хүчинд алба хаалгахаас татгалзана. 15 насанд хүрсэн боловч 18 насанд хүрээгүй хүмүүсийг цэрэгт дайчлахдаа насаар ахмадыг нь элсүүлэхийг урьтал болгоно.

4. Зэвсэгт мөргөлдөөний үед энгийн ард иргэдийг хамгаалахтай холбогдсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр хүлээсэн үүргийнхээ дагуу оролцогч улсууд зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, асран халамжлах бололцоотой бүх арга хэмжээг авна.

39 дүгээр зүйл:

Оролцогч улсууд хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглах, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон харьцаа, хандлага, зэвсэгт мөргөлдөөний хохирогч хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд буцаан оруулахад тус дөхөм болох шаардлагатай бүх арга хэмжээг авна. Ийнхүү нөхөн сэргээх, нийгэмд нэгтгэх үйл явц нь хүүхдийн эрүүл мэнд, нэр төр, үе тэнгийхний хүндэтгэл хангагдсан нөхцөлд хэрэгжих ёстой.

40 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана.

2. Энэ зорилгоор олон улсын баримт бичгийн холбогдох заалтыг анхааралдаа авч, оролцогч улсууд дараахь зүйлийг хангана:

(а) хүүхдийг хэрэг үйлдэгдэх үед үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр хориглоогүй байсан үйлдэл, эс үйлдэлд холбон хууль зөрчсөн хэмээн сэрдэх, яллах, буруутгахгүй байх;

(b) эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэрдэгдсэн буюу яллагдагчаар татагдсан хүүхэд бүрийг дараахь наад захын баталгаагаар хангана:

i/ гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцох;

ii/ ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг өөрт нь шууд бөгөөд шуурхай мэдэгдэх, зохих тохиолдолд эцэг эх, түүний хууль ёсны асран хамгаалагчаар нь дамжуулан мэдэгдэж, өмгөөлөгч, эрх зүйн болон бусад шаардлагатай туслалцаа үзүүлэх;

iii/ эрх зүйн болон бусад туслалцаа үзүүлж, хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол нас, нөхцөл байдал, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдын хүсэл зоригийг харгалзан нэг талын эрх ашигт үйлчлэхгүй, хараат бус, эрх бүхий байгууллага, шүүхээр асуудлыг шударга шүүлгэх;

iv/ мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхийг албадахгүй байх; эсрэг мэдүүлэг өгөх гэрчийг байцаах, байцаалгах, эрх тэгш нөхцөлд хүүхдийн өмнөөс гэрчийг байцаах, гэрчийг байлцуулах;

v/ эрүүгийн хууль зөрчсөн хэмээн гаргасан шийдвэр, түүний дагуу авсан арга хэмжээг нэг талын эрх ашигт үйлчлэхгүй, хараат бус, эрх бүхий дээд шатны байгууллагаар хянуулах;

vi/ байцаан шийтгэх ажиллагааны хэлийг ойлгохгүй буюу уг хэлээр ярьж чадахгүй бол орчуулагчийн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх;

vii/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх.

3. Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан буюу гэм буруутай нь тогтоогдсон хүүхдэд хамаарах хууль, журам, тусгай байгууллага, алба байгуулахад тус дөхөм үзүүлбэл зохино:

(а) эрүүгийн хууль зөрчих чадвартайд тооцох насны доод хязгаарыг тогтоох;

(b) шаардлагатай бөгөөд зохистой тохиолдолд эдгээр хүүхдийн хүний эрх, эрх зүйн баталгааг бүрэн хүндэтгэж хэрэг хянан шийдвэрлэх албан ёсны тогтолцооноос гадуур харьцах.

4. Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал.

41 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцийн аливаа заалт хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд илүү дөхөм үзүүлж байгаа:

(а) оролцогч улсын хууль тогтоомж, эсхүл

(b) тухайн улсын хувьд дагаж мөрдөх олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан аливаа заалтыг хөндөхгүй.

II Хэсэг

42 дүгээр зүйл:

Оролцогч улсууд үр нөлөөтэй, зохистой арга хэрэгслээр Конвенцийн зарчим, заалтуудыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд таниулан сурталчлах үүрэг хүлээнэ.

43 дүгээр зүйл:

1. Энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийг хэлэлцэх зорилгоор Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороог байгуулах бөгөөд энэ Хороо нь дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ.

2. Хороо нь ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, энэхүү Конвенцид хамаарах асуудлаар өндөр мэдлэг, чадвар хуримтлуулсан арван мэргэжилтнээс бүрдэнэ. Хорооны гишүүдийг оролцогч улсууд өөрийн иргэдээс сонгох бөгөөд тэдгээр нь өөрсдийн нэрийн өмнөөс ажиллана. Чингэхдээ газар зүйн тэгш хуваарилалт болон эрх зүйн гол тогтолцооны төлөөллийг харгалзана.

3. Хорооны гишүүдийг оролцогч улсуудаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалтаас нууц санал хураалтаар сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэдийн дотроос нэг хүний нэрийг дэвшүүлж болно.

4. Хороог сонгох анхны сонгуулийг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор явуулах бөгөөд дараагийн сонгуулийг 2 жил тутамд явуулна. Сонгууль бүрийг явуулахаас наад зах нь 4 сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж, хоёр сарын хугацаанд хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлэхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшигдсэн хүмүүсийн нэрсийг үсгийн дэс дарааллаар жагсааж нэр дэвшүүлсэн улсыг заан энэхүү Конвенцид оролцогч улсуудад хүргүүлнэ.

5. Сонгуулийг Ерөнхий нарийн бичгийн даргаас зарлан хуралдуулсан оролцогч улсуудын хуралдаан дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд явуулна. Оролцогч улсуудын гуравны хоёр хуралдааны бүрэлдэхүүнийг хангах бөгөөд хамгийн олон санал авсан бөгөөд санал хураалтад оролцож санал өгсөн оролцогч улсуудын төлөөлөгчдийн дийлэнхи олонхийн санал авсан нэр дэвшигчийг хорооны гишүүнээр сонгоно.

6. Хорооны гишүүд дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. Тэдгээрийн нэрийг дахин дэвшүүлсэн тохиолдолд дахин сонгогдох эрхтэй. Анхны сонгуулиар сонгогдсон таван гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд анхны сонгуулийг явуулж дууссан даруйд дээрх таван гишүүнийг хуралдааны дарга шодож тогтооно.

7. Хорооны аль нэг гишүүн нас барах буюу огцрох, эсхүл бусад шалтгаанаар хорооны гишүүний үүргийг гүйцэтгэж чадахгүйд хүрвэл, тухайн хүний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс өөрийн иргэдийн дотроос хорооны зөвшөөрснөөр өөр мэргэжилтнийг үлдсэн хугацаанд томилон ажиллуулна.

8. Хороо үйл ажиллагааныхаа журам батална.

9. Хороо ажилтнуудаа хоёр жилийн хугацаагаар сонгоно.

10. Хорооны хуралдааныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд буюу хорооноос тогтоосон тохиромжтой бусад газар хийнэ. Хороо жил бүр хуралдана. Хорооны хуралдааны үргэлжлэх хугацааг тогтоох, шаардлагатай тохиолдолд өөрчлөх асуудлыг энэхүү Конвенцид оролцогч улсуудын хуралдаан дээр Ерөнхий Ассамблейн батласнаар шийдвэрлэнэ.

11. Энэхүү Конвенцийн дагуу Хороо ажил үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч, хөрөнгө хэрэгслээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хангана.

12. Энэхүү Конвенцийн дагуу байгуулагдсан Хорооны гишүүд Ерөнхий Ассамблейгаас баталсны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөрөнгийн эх үүсвэрээс Ассамблейн тогтоосон нөхцөл, журмаар цалин хөлс авна.

44 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хангах талаар авсан арга хэмжээ болон эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийн талаархи тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Хороонд хэлэлцүүлэхээр дор заасан хугацаанд ирүүлэх үүрэгтэй:

(а) тухайн оролцогч улсын хувьд Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор;

(b) үүний дараа таван жил тутамд.

2. Энэ зүйлийн дагуу гаргах тайланд энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд нөлөөлж байгаа хүчин зүйл, бэрхшээл байгаа бол тэдгээрийг тусгана. Түүнчлэн энэхүү Конвенц тухайн оронд хэрхэн дагаж мөрдөгдөж байгаа тухай хороонд бүрэн ойлгуулахад хангалттай мэдээллийг тайланд оруулна.

3. Хороонд иж бүрэн анхны тайлангаа илгээсэн оролцогч улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу гаргах дараагийн тайландаа өмнө өгсөн үндсэн мэдээллийг давтах шаардлагагүй.

4. Хороо энэхүү Конвенцийн хэрэгжилттэй холбогдсон нэмэлт мэдээллийг оролцогч улсаас хүсч болно.

5. Хороо Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөр дамжуулан Ерөнхий Ассамблейд үйл ажиллагаагаа хоёр жил тутамд тайлагнана.

6. Оролцогч улсууд тайлангаа өөрийн улсын олон нийтэд өргөнөөр хүртэхүйц бололцоогоор хангана.

45 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, Конвенцийн хамрах салбарт олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор:

(а) Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллага өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд багтах энэхүү Конвенцийн заалтуудын хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулах эрхтэй. Хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан болон шаардлагатай тохиолдолд эрх бүхий бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаархи Конвенцийн хэрэгжилтийн талаар мэргэжилтний зөвлөгөө авах хүсэлт гаргаж болно. Хороо төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд багтах салбарт Конвенцийн хэрэгжилт ямар байгаа талаар тайлан, тайлан гаргахыг хүсч болно.

(b) Хороо, зохистой гэж үзвэл, техникийн зөвлөгөө буюу туслалцаа хүссэн, эсхүл ийм зөвлөгөө, туслалцаа шаардлагатай байгааг илэрхийлсэн оролцогч улсын аливаа тайланг эдгээр хүсэлт, илэрхийлсэн зүйлийн талаархи өөрийн ажиглалт, саналын хамт Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага, Хүүхдийн сан болон эрх бүхий бусад байгууллагад хүргүүлнэ;

(c) Хүүхдийн эрхийн тодорхой асуудлаар өөрийн нэрийн өмнөөс судалгаа явуулах хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад гаргахыг Ерөнхий Ассамблейд Хорооноос зөвлөж болно;

(d) Хороо энэхүү Конвенцийн 44, 45 дугаар зүйлийн дагуу авсан мэдээлэлд үндэслэн санал, ерөнхий зөвлөмжийг гаргаж болно. Ийм санал, ерөнхий зөвлөмжийг оролцогч улсаас гаргасан тайлбарын хамт холбогдох oролцогч улсад хүргүүлж Ерөнхий Ассамблейд мэдэгдэнэ.

III Хэсэг

46 дүгээр зүйл:

Энэхүү Конвенц бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

47 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцийг соёрхон батална. Соёрхон батласан батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

48 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцид бүх улс нэгдэн орж болно. Ийнхүү нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

49 дүгээр зүйл:

1. Энэхүү Конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хорь дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гуч дах өдөр хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон тухай хорь дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон аливаа улсын хувьд энэхүү Конвенц тухайн улcын соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.

50 дүгээр зүйл:

1. Энэхүү Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр гаргаж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга гаргасан хүсэлтийг оролцогч улсуудад хүргүүлж, түүнийг хэлэлцэж, санал хураах зорилгоор бага хурал хуралдуулах эсэх талаар саналаа ирүүлэхийг хүснэ. Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын наад зах нь гуравны нэгээс доошгүй нь ийм бага хурал хуралдуулах саналыг дэмжвэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор уг бага хурлыг зарлан хуралдуулна. Уг бага хуралд байлцаж, санал хураалтад оролцсон улсуудын олонхийн санал авсан аливаа өөрчлөлтийг батлуулахаар Ерөнхий Ассамблейд оруулна.

2. Энэ зүйл 1 дэх хэсэгт заасан журмаар хэлэлцсэн өөрчлөлт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей баталж, оролцогч улсуудын гуравны хоёр нь хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

3. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийг түүнийг батласан улсууд заавал дагаж мөрдөх бөгөөд оролцогч бусад улсын хувьд энэхүү Конвенцийн заалтууд, түүнчлэн тэдгээрийн өмнө батласан өөрчлөлтүүд хүчинтэй хэвээр үлдэнэ.

51 дүгээр зүйл:

1. Энэхүү Конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орохдоо улсуудын хийсэн тайлбарын эх хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч, бүх улсад хүргүүлнэ.

2. Энэхүү Конвенцийн зорилго, зорилтод үл нийцсэн тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад зохих ёсоор мэдэгдэж тайлбарыг хэдийд ч эгүүлэн авч болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай бүх улсад мэдэгдэнэ. Энэ мэдэгдэл нь түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

52 дүгээр зүйл:

Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж энэхүү Конвенцийг цуцалж болно. Цуцлах тухай мэдэгдэл нь түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

53 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцийн эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хадгална.

54 дүгээр зүйл:

Англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд энэхүү Конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. Үүнийг баталж, өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсон гарын үсэг зурагсад энэхүү Конвенцид гарын үсгээ зурав.

 

ХҮҮХДИЙГ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦУУЛАХЫН ЭСРЭГ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД ОРУУЛАХ НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Ерөнхий Ассамблейн 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн A/RES/54/263 тогтоолоор баталж, 2002 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

Энэхүү Протоколын оролцогч улсууд,

хүүхдийн эрхийг хамгаалах болон дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт бүх талаар үйлчилж буй Хүүхдийн эрхийн тухай конвенцийг бүх нийтээрээ дэмжиж байгаад урамшин,

хүүхдийн эрхийг онцгойлон хамгаалах шаардлагатайг дахин нотлон, хүүхдийн нөхцөл байдлыг аливаа ялгалгүйгээр тогтмол сайжруулж, энх тайван, аюулгүй нөхцөлд тэднийг хөгжүүлж боловсрол олгохыг уриалж,

зэвсэгт мөргөлдөөн нь хүүхдэд нэн их хортойгоор нөлөөлж, тэдний энх тайван, аюулгүй байдал болон хөгжилд удаан хугацааны турш хор уршиг тарьж байгаад зовниж,

зэвсэгт мөргөлдөөний үед хүүхэд өртөх болон олон улсын эрх зүйгээр хамгаалуулсан барилга байгууламж, ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг хүүхэд олноор байнга цуглардаг газарт шууд халдаж байгааг эрс шүүмжлэн,

ялангуяа 15 нас хүрээгүй хүүхдийг бүртгэж, цэрэгт татах буюу олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үед байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар тэднийг ашиглах явдлыг цэргийн гэмт хэрэг гэж үзэх тухай Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд тодорхойлж батласныг тэмдэглэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүлээн зөвшөөрсөн эрхийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийг оролцуулахаас сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж,

тухайн хүүхдэд үйлчлэх хуулинд арай эрт насанд хүрэх талаар заагаагүй бол Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зорилгод 18 хүртэлх насны хүн бүрийг хүүхэд гэж үзэх тухай энэхүү Конвенцийн 1 дүгээр зүйлд заасныг тэмдэглэж,

Цэрэгт татах болон цэргийн үйл ажиллагаанд оролцуулж болох этгээдийн насыг нэмэгдүүлэх тухай конвенцийн нэмэлт Протокол нь хүүхэдтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэн,

Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн 1995 оны 12 дугаар сард хуралдсан олон улсын 26 дугаар бага хурлаас сөргөлдөж байгаа талуудад хандаж 18 нас хүрээгүй хүүхдийг цэргийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх талаар боломжтой бүх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар зөвлөснийг тэмдэглэж,

ялангуяа хүүхдийг хүчээр буюу албан журмаар зэвсэгт мөргөлдөөнд ашиглахыг хориглосон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенцийг 1999 оны 6 дугаар сард санал нэгтэй батласанд талархаж,

үндэсний зэвсэгт хүчнээс ангид зэвсэгт бүлэглэлүүд хүүхдийг элсүүлэн сургаж, улсын дотоодод болон хилийн чанадад цэргийн үйл ажиллагаанд ашиглаж байгааг сэтгэл гүнээ түгшин эсэргүүцэж, үүнээс үүдэх хариуцлагыг эдгээр хүүхдийг эгнээндээ элсүүлэн сургаж, ашиглаж байгаа этгээд үүрэх ёстойг хүлээн зөвшөөрч,

зэвсэгт мөргөлдөөнд оролцогч тал бүр олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн заалтуудыг сахих үүрэгтэй болохыг сануулж,

энэхүү Протокол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчим, тухайлбал 51 дүгээр зүйл болон хүмүүнлэгийн эрх зүйн зохих хэм хэмжээнд нөлөөлөхгүй гэдгийг онцлон тэмдэглэж,

Дүрмийн зорилго, зарчмыг бүрэн хүндэтгэх болон хүний эрхийн салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийг биелүүлсний үндсэн дээр энх тайван, аюулгүй байдлыг хангах нь хүүхдийг бүрэн хамгаалах, ялангуяа зэвсэгт мөргөлдөөн болон гадаадын түрэмгийллийн үед тэднийг хамгаалах зайлшгүй нөхцөл болно гэдгийг анхааран,

эдийн засаг, нийгмийн буюу хүйсний байдлаас хамааран, энэхүү Протоколд харшилсан цэргийн үйл ажиллагаанд элсүүлж, ашиглуулж болох хүүхдийг онцгойлон анхаарах шаардлага байгааг хүлээн зөвшөөрч,

хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулж байгаа эдийн засаг, нийгэм болон улс төрийн гол шалтгааныг авч үзэх шаардлага байгааг анхааралдаа авч,

энэхүү Протоколыг хэрэгжүүлэх болон зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийн бие бялдар, сэтгэл санааг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага байгааг ухаарч,

энэхүү Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, сургалтын хөтөлбөрийг түгээхэд олон нийт, хүүхэд, ялангуяа зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг оролцуулахыг хөхиүлэн дэмжиж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I Хэсэг

1 дүгээр зүйл:

Оролцогч улсууд өөрийн үндэсний зэвсэгт хүчинд 18 нас хүрээгүй цэргийн албан хаагчдыг байлдааны ажиллагаанд шууд оролцуулахгүй байх талаар боломжтой бүх арга хэмжээ авна.

2 дүгээр зүйл:

Оролцогч улсууд 18 нас хүрээгүй хүмүүсийг зэвсэгт хүчинд албан журмаар элсүүлэхгүй байх нөхцлийг хангана.

3 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэсний зэвсэгт хүчинд сайн дураар элсэн орох хүмүүсийн насны доод хязгаарыг нэмэгдүүлэх бөгөөд чингэхдээ энэхүү зүйлд заасан зарчмыг харгалзан үзэх бөгөөд Конвенцид заасны дагуу 18 нас хүрээгүй хүмүүс онцгойлон хамгаалуулах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

2. Энэхүү Протоколыг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо улс бүр өөрийн үндэсний зэвсэгт хүчинд сайн дурын үндсэн дээр элсэж болох хүмүүсийн насны доод хязгаар болон ийнхүү элсүүлж буй нь хүч хэрэглэх буюу албадлагын бус байна гэсэн баталгааг тусгасан зайлшгүй мэдэгдлийг хадгалуулахар өгнө.

3. Оролцогч улсууд 18 нас хүрээгүй этгээд сайн дурын үндсэн дээр үндэсний зэвсэгт хүчинд элсэн орж болох дараахь шаардлагыг хангах баталгаа гаргана:

(а) ийнхүү элсүүлэх нь жинхэнэ сайн дурынх байна;

(b) ийнхүү элсүүлэхдээ тухайн хүний эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчид мэдэгдэж зөвшөөрөл авна;

(c) тухайн хүн цэргийн алба хаахтай холбогдсон үүргээ бүрэн ойлгож ухаарсан байна;

(d) тухайн хүн үндэсний цэргийн албанд элсэхийн өмнө өөрийн насны тодорхойлолтыг үнэн зөв гаргаж өгсөн байна.

4. Оролцогч улс бүр аливаа үед тодотгосон мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болох бөгөөд тэрээр оролцогч бүх улсад энэ тухай мэдээлнэ. Уг мэдэгдэл Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг хүлээж авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан нас нэмэгдүүлэх шаардлага нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 28, 29 дүгээр зүйлийн дагуу оролцогч улсуудын зэвсэгт хүчний мэдэл буюу хяналтад байдаг сургуульд хамаарахгүй.

4 дүгээр зүйл:

1. Төрийн зэвсэгт хүчнээс ангид зэвсэгт бүлэглэлүүд ямар ч нөхцөлд 18 нас хүрээгүй хүмүүсийг байлдааны ажиллагаанд татан оролцуулж, ашиглах ёсгүй.

2. Оролцогч улсууд тийнхүү татан оролцуулах болон ашиглахаас сэргийлэх зорилгоор боломжтой бүх арга хэмжээ, тухайлбал уг үйлдлийг хориглох болон гэмт хэрэг гэж үзэх талаар хууль эрх зүйн шаардлагатай арга хэмжээг авна.

3. Протоколын энэ зүйлийг хэрэглэх нь зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа аливаа улсын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй.

5 дүгээр зүйл:

Энэхүү Протоколын аливаа заалтыг хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх талаар илүү таатай нөхцөл бүрдүүлж байгаа оролцогч улсын хууль тогтоомж буюу олон улсын гэрээ болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн заалтыг үгүйсгэх байдлаар тайлбарлахгүй.

6 дүгээр зүйл:

1. Оролцогч улс бүр өөрийн шүүх эрх мэдлийн хүрээнд энэхүү Протоколын заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай бүхий л хууль эрх зүй, захиргаа болон бусад арга хэмжээ авна.

2. Оролцогч улсууд энэхүү Протоколын зарчим, заалтуудыг насанд хүрэгсэд болон хүүхдэд зохих мэдээллийн хэрэгслээр өргөнөөр дамжуулан хүргэж таниулна.

3. Энэхүү Протоколоос гадуур цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан буюу ашиглуулж байгаа оролцогч улсын шүүх эрх мэдлийн хүрээнд харьяалагдах этгээдийг уг үйл ажиллагаанаас гаргах буюу цэргийн албанаас халуулах талаар оролцогч улсууд бололцоотой бүх арга хэмжээ авна. Шаардлагатай үед оролцогч улсууд ийм хүмүүсийн бие бялдар, сэтгэл санааг нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргэн ороход нь бүх талын зохих туслалцааг үзүүлнэ.

7 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд энэхүү Протоколыг хэрэгжүүлэх, ялангуяа Протоколыг зөрчсөн аливаа үйл ажиллагааг таслан зогсоох болон энэхүү Протоколыг зөрчсөн үйл ажиллагаанд өртсөн этгээдийг нөхөн сэргээх болон нийгмийн амьдралд эргэж оруулахад техникийн хамтын ажиллагаа болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хамтран ажиллана.

2. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх оролцогч улсууд олон талт, хоёр талт буюу бусад хөтөлбөрийн хүрээнд эсхүл Ерөнхий Ассамблейн журмын дагуу байгуулагдсан сайн дурын хандивын сангаар дамжуулан туслалцаа үзүүлнэ.

8 дүгээр зүйл:

1. Энэхүү Протокол оролцогч тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор оролцогч улс бүр Хүүхдийн эрхийн хороонд тайлан гаргах ёстой бөгөөд тайланд Протоколын заалтыг хэрэгжүүлэхийн тулд авсан арга хэмжээ, тухайлбал, оролцоо болон элсүүлэхтэй холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тусгана.

2. Дэлгэрэнгүй тайлан өгсний дараа оролцогч улс бүр Конвенцийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Протоколын хэрэгжилттэй холбоотой аливаа нэмэлт мэдээллийг Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлсэн тайландаа тусгана. Протоколд оролцогч бусад улс тайланг таван жил тутам гаргана.

3. Хүүхдийн эрхийн хороо энэхүү Протоколын хэрэгжилттэй холбоотой холбогдох нэмэлт мэдээллийг оролцогч улсаас хүсч болно.

9 дүгээр зүйл:

1. Конвенцид нэгдэн орсон буюу гарын үсэг зурсан аливаа улсын хувьд энэхүү Протоколд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү Протоколыг соёрхон батлах бөгөөд аливаа улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

3. Конвенц болон Протоколыг хадгалагчийн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалуулахаар өгсөн мэдэгдэл бүрийн талаар Конвенцид оролцогч бүх улс болон түүнд гарын үсэг зурсан бүх улсад 13 дугаар зүйлийн дагуу мэдэгдэнэ.

10 дүгээр зүйл:

1. Энэхүү Протокол нь соёрхон батласан буюу нэгдэн орсон арав дахь батламж жуух бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Протоколыг соёрхон баталж байгаа буюу түүнд нэгдэн орж байгаа улс бүрийн хувьд энэхүү Протокол нь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

11 дүгээр зүйл:

1. Оролцогч аливаа улс энэхүү Протоколыг аливаа үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж цуцалж болох бөгөөд тэрбээр Конвенцийн оролцогч бусад улс буюу Конвенцид гарын үсэг зурсан улсад энэ тухай мэдээлнэ. Цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв тухайн нэг жилийн хугацаанд цуцалж буй оролцогч улсад зэвсэгт мөргөлдөөн болж байвал уг цуцлалт нь мөргөлдөөн дууссаны дараа хүчин төгөлдөр болно.

2. Цуцлалт нь энэхүү Протоколд дурдсан үүргээс оролцогч улсыг цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнөх аливаа үйл ажиллагааны хувьд чөлөөлөхгүй. Түүнчлэн цуцлалт нь хүчин төгөлдөр болохоос өмнө Хороогоор нэгэнт хэлэлцэж эхэлсэн аливаа асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

12 дүгээр зүйл:

1. Оролцогч аливаа улс Протоколд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн тухай оролцогч улсуудад мэдээлэхийн хамт, уг саналыг хэлэлцэх бага хурал хийлгэх эсэх талаар саналаа ирүүлэхийг тэднээс хүснэ. Ийнхүү мэдээлсэн өдрөөс хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй нь бага хурал хуралдуулахыг зөвшөөрвөл Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээлийн дор уг бага хурлыг хуралдуулна. Бага хуралд хүрэлцэн ирж оролцсон оролцогч улсуудын олонхийн саналаар дэмжигдсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг батлуулахаар Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт нь түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батласнаар болон оролцогч улсуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно.

3. Нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд оролцогч бусад улсын хувьд энэхүү Протоколын заалтууд болон тэдгээрээс өмнө нь батласан нэмэлт өөрчлөлтийг заавал дагаж мөрдөнө.

13 дүгээр зүйл:

1. Энэхүү Протоколын араб, хятад, англи, франц, орос болон испани хэлээрх эх бичвэрүүд адил хүчинтэй бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивд хадгалагдана.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хувийг Конвецийн оролцогч бүх улс болон Конвенцид гарын үсэг зурсан бүх улсад илгээнэ.

ХҮҮХДИЙГ ХУДАЛДАХ, ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛЭХ, ХҮҮХДИЙГ САДАР САМУУНД СУРТАЛЧЛАХЫН ЭСРЭГ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД ОРУУЛАХ НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Ерөнхий Ассамблейн 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн A/RES/54/263 тогтоолоор баталж, 2002 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

Энэхүү Протоколын оролцогч улсууд,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зорилтыг цаашид хангах болон түүний заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс, ялангуяа 1, 11, 21, 32, 33, 34, 35 болон 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхийн тулд хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлах явдлаас хүүхдийг хамгаалах зорилгоор оролцогч улсуудын зүгээс илүү өргөн хүрээний арга хэмжээ авбал зохино хэмээн үзэж,

эдийн засгийн дарангуйлал болон эрүүл мэндэд нь аюул учруулах буюу сурч боловсроход нь саад хийх мөн хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, оюун санаа болон сэтгэл зүй, ёс суртахуун болон нийгмийн хөгжилд хохирол учруулах аливаа хөдөлмөр эрхлүүлэхээс хүүхдийн эрхийг хамгаалах талаар Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүлээн зөвшөөрснийг мөн харгалзан үзэж,

хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлах зорилгоор олон улсын хэмжээнд хууль бусаар хил зувчуулан тээвэрлэх явдал мэдэгдэхүйц нэмэгдэж байгаад гүнээ харамсаж,

хүүхдэд аюултай секс аялал өргөжин үргэлжилж, ялангуяа энэ нь хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлахад шууд дөхөм үзүүлж байгаад сэтгэл гүнээ зовниж,

бага насны охидыг оролцуулан эмзэг бүлгийн хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд илүү өртөж байгаа бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн харьцангуй дийлэнх хувийг бага насны охид эзэлж байгааг хүлээн зөвшөөрч,

Интернэт болон бусад дэвшилт технологийн хүчээр хүүхдийг садар самуунд сурталчлах явдал нэмэгдэж байгаад сэтгэл зовнин, мөн интернэтээр хүүхдийг садар самуунд сурталчлахтай тэмцэх асуудлаарх бага хурал /Вена, 1999/, ялангуяа түүний хүүхдийг садар самуунд сурталчилсан дүрс бичлэг, зар сурталчилгааг дэлхий нийтээр үйлдэх, тараах, экспортлох, дамжуулах, импортлох, санаатайгаар хадгалах нь гэмт хэрэг гэж үзсэн болон засгийн газрууд, интернэтээр мэдээлэл түгээгчдийн хооронд илүү хамтын ажиллагаа, түншлэл тогтоох нь чухал ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг иш үндэс болгон,

хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлах явдлыг арилгахын тулд ийм байдал уруу түлхэж байгаа хүчин зүйлс, тухайлбал буурай хөгжил, ядуурал, эдийн засгийн тэнцвэргүй байдал, нийгэм эдийн засгийн тэгш бус байдал, гэр бүлийн гишүүдийн хоорондын таарамжгүй байдал, боловсролын дутагдал, хот хөдөөгийнхний шилжилт хөдөлгөөн, хүйсээр ялгаварлах байдал, бэлгийн харилцаанд насанд хүрэгчдийн хариуцлагагүй үйлдэл, уламжлалт зан заншлын хортой хэлбэр, зэвсэгт мөргөлдөөн болон хүүхдийг хууль бусаар хил зувчуулан тээвэрлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх нь дээрх байдлыг арилгахад тус дөхөм үзүүлнэ гэж үзэж,

хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлах эрэлт хэрэгцээг багасгахын тулд олон нийтийн дунд мэдээллийг сайжруулах чиглэлээр хүчин чармайлт тавих хэрэгтэй бөгөөд оролцогч бүх талын хооронд даяаршлын түншлэлийг бэхжүүлэх талаар онцгой анхаарч, үндэсний хэмжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь чухал гэж үзэж,

хүүхдийг хамгаалахтай холбогдсон олон улсын эрх зүйн баримт бичиг, тухайлбал, Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенц, Олон улсын хэмжээнд хүүхдийг хууль бусаар зөөхтэй холбогдон үүсэх иргэний асуудлын тухай Гаагийн конвенц, Эцэг эхийн зүгээс хүлээх хариуцлага болон хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх, мөрдүүлэх болон хамтран ажиллах тухай Гаагийн конвенц болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглож устгах тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенцийн заалтыг анхааралдаа авч,

хүүхдийн эрхийг хамгаалах болон дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт бүх талаар үйлчилж буй Хүүхдийн эрхийн тухай конвенцийг бүх нийтээрээ дэмжиж байгаад урамшин,

Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлахыг таслан зогсоох үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт болон Арилжааны зорилгоор хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд ашиглахын эсрэг 1996 оны наймдугаар сарын 27-оос 31-ний өдрүүдэд болсон Дэлхий дахины их хурлын тунхаглал болон үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох бусад олон улсын байгууллагаас энэ асуудлаар гаргасан шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал болохыг хүлээн зөвшөөрч,

хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэх талаар ард түмнүүдийн зан заншил, соёлын үнэт зүйлсийг чухалчлан, зохих ёсоор харгалзан үзэж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл:

Энэхүү Протоколд зааснаар оролцогч улсууд хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлахыг хориглоно.

2 дүгээр зүйл:

Энэхүү Протоколын зорилгод:

(а) хүүхдийг худалдах гэж аливаа этгээд буюу бүлэг этгээд шан харамж буюу бусад аливаа төлбөр авч хүүхдийг бусад этгээд буюу бүлэг этгээдэд шилжүүлэн өгөх аливаа үйлдэл буюу хэлцлийг хэлнэ;

(b) хүүхдийн биеийг үнэлэх гэж шан харамж буюу бусад аливаа төлбөрийн хэлбэрээр хүүхдийг бэлгийн харилцаанд ашиглахыг хэлнэ;

(c) хүүхдийг садар самуунд сурталчлах гэж хүүхдийг ил тод бэлгийн харилцаанд бодитоор буюу хиймлээр оруулж байгааг аливаа арга хэрэгслээр илэрхийлэх буюу гол нь бэлгийн харилцааны зорилгоор хүүхдийн бэлэг эрхтнийг аливаа байдлаар харуулахыг хэлнэ.

3 дүгээр зүйл:

1. Оролцогч улс бүр эрүүгийн болон гэмт хэргийн талаархи хуулиндаа дор хаяж дараахь үйлдэл болон үйл ажиллагааг бүрэн хамааруулж, эдгээр гэмт хэрэг улсын дотоодод буюу үндэстэн дамнасан болон ганцаарчилсан буюу зохион байгуулалттай хэлбэрээр үйлдэгдсэнийг харгалзахгүйгээр хариуцлага хүлээлгэх талаар:

(a) 2 дугаар зүйлд тодорхойлсон хүүхдийг худалдахтай холбогдуулан:

(i) хүүхдийг аливаа арга хэрэгслээр дараахь зорилгоор санал болгох, шилжүүлэх буюу авах:

а. бэлгийн хүчирхийлэлд ашиглах;

b. шан харамж авч хүүхдийн эрхтэнг шилжүүлэх;

c. хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхэд ашиглах;

(ii) хүүхэд үрчлэх үйл ажиллагаанд зуучлахдаа хүүхэд үрчлэх тухай олон улсын эрх зүйн баримт бичгийн заалтыг зөрчиж хууль бус арга хэрэглэн зөвшөөрүүлэх,

(b) 2 дугаар зүйлд тодорхойлсны дагуу хүүхдийн биеийг үнэлэх зорилгоор хүүхдийг санал болгох, авах, шилжүүлэх болон өгөх;

(c) 2 дугаар зүйлд тодорхойлсны дагуу дээрх зорилгод ашиглахаар хүүхэд оролцсон садар самуун сурталчилгааг үйлдэх, түгээх, тараах, импортлох, санал болгох, худалдах буюу хадгалах.

2. Оролцогч улсын үндэсний хууль тогтоомжийн заалтаас хамааран эдгээр үйлдлийн аль нэгийг хийхээр оролдсон, хамтран оролцсон буюу оролцсон тохиолдолд дээрх заалт мөн адил үйлчилнэ.

3. Эдгээр гэмт хэргийн гэм хор үзүүлсэн зэрэглэлийг харгалзан оролцогч улс бүр зохих шийтгэл ногдуулна.

4. Оролцогч улс бүр үндэсний хууль тогтоомжийн заалтаас хамааран энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол түүний хүлээх хариуцлагыг тогтоох талаархи арга хэмжээг зохих үед авна. Оролцогч улсын эрх зүйн зарчмаас хамааран хуулийн этгээдийн хариуцлага нь эрүүгийн, иргэний болон захиргааных байж болно.

5. Оролцогч улсууд хүүхэд үрчлэх асуудалтай холбогдсон бүх этгээд олон улсын эрх зүйн баримт бичигт тусгасан хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулахад зориулж эрх зүйн болон захиргааны холбогдох арга хэмжээ авна.

4 дүгээр зүйл:

1. Оролцогч улс бүр 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэрэг түүний нутаг дэвсгэрт буюу далайн боомтод, эсхүл уг улсад бүртгэлтэй агаарын хөлөгт үйлдэгдсэн тохиолдолд өөрийн шүүх эрх мэдлийг тогтоохоор зайлшгүй гэж үзсэн арга хэмжээ авч болно.

2. Оролцогч улс бүр 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэргийн хувьд өөрийн шүүх эрх мэдлийг тогтоохоор зайлшгүй гэж үзсэн арга хэмжээ дараахь тохиолдолд авч болно:

(а) хэрэгтэн тухайн улсын иргэн буюу уг этгээдийн оршин суугаа газар тухайн улсын нутагт дэвсгэрт байрладаг бол;

(b) хохирогч тухайн улсын иргэн бол.

3. Оролцогч улс бүр дээр дурдсан гэмт хэргийн хувьд өөрийн шүүх эрх мэдлийг тогтоохоор зайлшгүй гэж үзсэн арга хэмжээг тухайн хэрэгтэн түүний нутаг дэвсгэрт байгаа болон гэмт хэргийг түүний иргэн үйлдсэн гэсэн үндэслэлээр уг улс хэрэгтэнг оролцогч өөр улсад шилжүүлэхгүй байх арга хэмжээ авч болно.

4. Энэхүү Протокол нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж буй эрүүгийн аливаа хуулийн эрх мэдлийг хязгаарлахгүй.

5 дүгээр зүйл:

1. 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгчийг оролцогч улсуудын хооронд байгуулсан хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээнд шилжүүлж өгөх хэрэгтэнд оруулан тооцох бөгөөд тэдгээрийн хооронд цаашид байгуулах хэрэгтэн шилжүүлэх тухай аливаа гэрээнд тухайн гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлж өгөх хэрэгтэнд хамааруулан авч үзнэ.

2. Хэрэв оролцогч улс нь хэрэгтэн шилжүүлж өгөх гэрээний үндсэн дээр хэрэгтэн шилжүүлж өгөх гэрээ байгуулаагүй оролцогч өөр улсаас хэрэгтэнг шилжүүлэх талаар хүсэлт гаргавал тухайн улс энэхүү Протоколыг хэрэгтэн шилжүүлэх эрх зүйн үндэс хэмээн үзэж болно. Хэрэгтэнг хүсэлт хүлээж авсан тухайн улсын хуульд заасан нөхцлийн дагуу шилжүүлнэ.

3. Хэрэгтэнг шилжүүлж өгөх гэрээ байгуулаагүй оролцогч улсууд өөр хоорондоо тухайн гэмт хэрэг үйлдэгчийн хувьд хүсэлт хүлээж авсан улсын хуульд заасан нөхцлийн дагуу шилжүүлж өгөх хэрэгтэн хэмээн үзнэ.

4. Оролцогч улсуудын хооронд хэрэгтэн шилжүүлэх асуудлын тухайд гэмт хэргийг зөвхөн уг хэрэг гарсан газрын хэмжээнд бус 4 дүгээр зүйлийн дагуу өөрсдийн хууль эрх мэдлийн хүрээг тогтоовол зохих улсын нутаг дэвсгэр дээр гарснаар авч үзнэ.

5. Хэрэв хэрэгтэнг 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэргийн аль нэгтэй холбогдуулан шилжүүлж авах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт хүлээж авсан оролцогч улс хэрэгтнийг харьяаллын үндсэн дээр шилжүүлж өгөөгүй буюу өгөхгүй бол түүнийг эрүүгийн хэрэгт шалгуулахаар гэмт хэргийг өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэх талаар зохих арга хэмжээ авна.

6 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хэрэгтэнг илрүүлэх буюу эрүүгийн хэрэгт шалгах буюу түүнийг шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар харилцан бие биедээ бүхий л бололцоогоор туслах бөгөөд дурдсан байцаан шийтгэх ажиллагааг явуулахад шаардлагатай нотлох баримтыг олоход мөн тусална.

2. Оролцогч улсууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхдээ өөр хоорондоо байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх аливаа гэрээ буюу бусад тохиролцоог удирдлага болгоно. Ийм гэрээ буюу тохиролцоо байхгүй бол оролцогч улсууд дотоодын хууль тогтоомжийн дагуу өөр хоорондоо туслалцаа үзүүлнэ.

7 дүгээр зүйл:

Оролцогч улсууд үндэсний хууль тогтоомжид заасны дагуу:

(a) шаардлагатай үед дор дурдсан зүйлийг хураах болон дайчлах арга хэмжээ авна:

(i) энэхүү Протоколд заасан гэмт хэргийг үйлдэхэд ашиглаж байсан буюу гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэж байсан эд хөрөнгө, материал, хэрэгсэл болон багаж зэвсэг;

(ii) тухайн гэмт хэрэг үйлдэж олсон орлого;

(b) (a) дэд хэсгийн (i)-д заасан эд хөрөнгө болон орлогыг хураах буюу дайчлах тухай оролцогч нөгөө улсын хүсэлтийг биелүүлнэ;

(c) тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашиглаж байсан байрыг түр буюу тодорхой хугацаагаар хаахад чиглэсэн арга хэмжээ авна.

8 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд энэхүү Протоколоор хориглосон гэмт хэрэгт өртөж, хохирогч болсон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг эрүүгийн шүүн таслах бүх ажиллагааны үед дор дурдсан арга замаар хамгаалах талаар зохих арга хэмжээ авна:

(а) гэмт хэрэгт өртөж хохирогч болсон хүүхдийн эмзэг байдлыг хүлээн зөвшөөрч, тэдний онцгой шаардлага, ялангуяа гэрч болохынх нь хувьд тэдгээрийн онцгой шаардлагыг хүлээн зөвшөөрсөн журам батлах;

(b) хохирогч болсон хүүхдэд тэдний эрх, үүрэг болон шүүн таслах ажиллагааны агуулга, хугацаа болон явц, уг хэргийн талаархи шийдвэрийн тухай мэдээлэх;

(c) шүүн таслах ажиллагааны явцад үндэсний хууль тогтоомжийн байцаан шийтгэх хэм хэмжээний дагуу хохирогч хүүхдийн санаа бодол, шаардлага болон асуудлыг тэдгээрийн хувийн ашиг сонирхол хөндөгдсөн үед танилцуулж, хэлэлцүүлэх боломж олгох;

(d) шүүн таслах ажиллагааны явцад хохирогч хүүхдэд зохих дэмжлэг болох үйлчилгээ үзүүлэх;

(e) шаардлагатай үед хохирогч хүүхдийн амь нас, нэр төрийг хамгаалах болон үндэсний хууль тогтоомжийн дагуу хохирогч хүүхдийн нэрийг мэдэгдүүлсэн мэдээллийг зүй бусаар тараах явдлаас зайлсхийх арга хэмжээ авах;

(f) хохирогч хүүхэд, түүнчлэн түүний гэр бүлийнхний болон тэдний өмнөөс гэрчлэгчдийг аливаа сүрдүүлэг, өшөө хонзонгоос зохих үед хамгаалах арга хэмжээ авах;

(g) хохирогч хүүхдэд нөхөн төлбөр олгох тухай шүүхийн тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийг онцын шаардлагагүйгээр хойшлуулахаас зайлсхийнэ.

2. Оролцогч улсууд хохирогчийн насны талаар эргэлзээ гарвал үүнээс болж эрүүгийн мөрдөн байцаалт, тухайлбал, хохирогчийн насыг тогтоох зорилгоор мөрдөн байцаалт эхлүүлэхэд саад үүсэхгүй байх нөхцлийг хангана.

3. Оролцогч улсууд эрүүгийн шүүн таслах ажиллагааны тогтолцоонд энэхүү Протоколд дурдсан гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй харьцахдаа нэн түрүүн хүүхдийн хамгийн эрхэм дээд ашиг сонирхлыг баримтална.

4. Оролцогч улсууд энэхүү Протоколоор хориглосон гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй ажиллаж буй этгээдэд зохих сургалт, ялангуяа хууль эрх зүйн болон сэтгэл зүйн сургалтад хамруулах талаар арга хэмжээ авна.

5. Оролцогч улсууд тийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу хамгаалах болон хохирогчдыг нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс буюу байгууллагуудын аюулгүй байдал, халдашгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авна.

6. Энэ зүйлийн аливаа заалтыг шударга болон нөлөөнд үл автах шүүн таслах ажиллагаанд шүүгдэгчийн эрхэд хохирол учруулах буюу түүнийг зөрчих байдлаар тайлбарлахгүй.

9 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд энэхүү Протоколд заасан гэмт хэргээс сэргийлэх зорилгоор хууль, захиргааны арга хэмжээ, нийгмийн бодлого болон хөтөлбөрийг батлах буюу бэхжүүлэх, хэрэгжүүлэх болон сурталчилна. Ийм үйл ажиллагаанд ялангуяа эмзэг хүүхдийг хамгаалах талаар онцгой анхаарна.

2. Оролцогч улсууд зохих бүхий л хэрэгслийг ашиглан мэдээлэл тараах, боловсрол олгох, сургалт зохион байгуулах замаар энэхүү Протоколд заасан гэмт хэргийн хортой үр дагавар, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай олон нийт, түүний дотор хүүхдэд өргөнөөр таниулах ажилд тус дөхөм үзүүлнэ. Оролцогч улсууд энэ зүйлд заасны дагуу үүргээ биелүүлэхдээ хамт олон, ялангуяа хүүхэд болон хохирогч хүүхдийг мэдээлэл, сурталчилгаа сургалтын хөтөлбөр, ялангуяа олон улсын хэмжээнд оролцуулах талаар тэднийг хөхиүлэн дэмжинэ.

3. Оролцогч улсууд хохирогч хүүхдэд зохих дэмжлэг үзүүлж тэднийг нийгэмших, бие бялдрын болон сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх талаар бололцоотой бүх арга хэмжээ авна.

4. Оролцогч улсууд энэхүү Протоколд заасан гэмт хэргийн хохирогч бүх хүүхдийг хуулийн дагуу хариуцлага хүлээгчээс учирсан хохирлоо нөхүүлэх зохистой арга хэмжээнд аливаа байдлаар алагчилахгүйгээр хамруулах явдлыг хангана.

5. Оролцогч улсууд энэхүү Протоколд заасан гэмт хэргийг сурталчилж буй материалыг үйлдвэрлэх, тараах явдлыг үр дүнтэй хориглоход чиглэсэн бүхий л зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

10 дүгээр зүйл:

1. Оролцогч улсууд хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлах, бэлгийн дур хүслээ хүүхдээр хангах аялал зэрэг үйл ажиллагаанд оролцсон этгээдийг таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн байцаах, эрүүгийн хэрэгт шалгах болон шийтгэх зорилгоор олон талт, бүс нутгийн болон хоёр талт тохиролцоо байгуулах замаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авна. Түүнчлэн оролцогч улсууд олон улсын хамтын ажиллагаа, өөрийн орны байгууллага, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, түүнчлэн олон улсын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад дэмжлэг үзүүлнэ.

2. Оролцогч улсууд хохирогч хүүхдийг бие махбодь, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

3. Оролцогч улсууд хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлах, хүүхэд ашиглах секс аялалд нөлөөлж буй ядуурал болон хөгжлийн дорой байдал зэрэг шалтгааныг арилгах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

4. Оролцогч улсууд эл зорилгоор олон талт, бүс нутгийн, хоёр талт болон бусад хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн, техникийн болон бусад туслалцааг зохих боломжийн хэрээр үзүүлнэ.

11 дүгээр зүйл:

Энэхүү Протоколын аливаа заалт хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд илүү дэмжлэг үзүүлэх талаар дор дурдсан заалтыг хөндөхгүй:

(а) үндэсний хууль тогтоомжид тусгагдсан;

(b) тухайн улсад үйлчилж буй олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан.

12 дүгээр зүйл:

1. Оролцогч улс бүр тухайн улсын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш хоёр жилийн дотор энэхүү Протоколын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор авсан арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан тайланг Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлнэ.

2. Дэлгэрэнгүй тайлан өгсний дараа оролцогч улс бүр Конвенцийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Протоколын хэрэгжилттэй холбоотой аливаа нэмэлт мэдээллийг Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлсэн тайландаа тусгана. Протоколын оролцогч бусад улс тайланг таван жил тутам гаргана.

3. Хүүхдийн эрхийн хороо энэхүү Протоколын хэрэгжилттэй холбоотой холбогдох нэмэлт мэдээллийг оролцогч улсаас хүсч болно.

13 дүгээр зүйл:

1. Энэхүү Протокол нь Конвенцийн оролцогч буюу түүнд гарын үсэг зурсан аливаа улсын хувьд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү Протоколыг соёрхон батлах бөгөөд Конвенцийн оролцогч буюу түүнд гарын үсэг зурсан аливаа улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

14 дүгээр зүйл:

1. Энэхүү Протокол нь соёрхон батласан буюу нэгдэн орсон арав дахь батламж жуух бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Протоколыг соёрхон баталж байгаа буюу түүнд нэгдэн орж байгаа улс бүрийн хувьд энэхүү Протокол нь батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

15 дүгээр зүйл:

1. Оролцогч аливаа улс энэхүү Протоколыг аливаа үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж цуцалж болох бөгөөд тэрбээр Конвенцид оролцогч бусад улс буюу Конвенцид гарын үсэг зурсан улсад энэ тухай мэдээлнэ. Цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

2. Цуцлалт нь энэхүү Протоколд дурдсан үүргээс оролцогч улсыг цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнөх аливаа гэмт хэргийн хувьд чөлөөлөхгүй. Түүнчлэн цуцлалт нь хүчин төгөлдөр болохоос өмнө хороогоор нэгэнт хэлэлцэж эхэлсэн аливаа асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

16 дүгээр зүйл:

1. Оролцогч аливаа улс Протоколд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн тухай оролцогч улсуудад мэдээлэхийн хамт, уг саналыг хэлэлцэх бага хурал хийлгэх эсэх талаар саналаа ирүүлэхийг тэднээс хүснэ. Ийнхүү мэдээлсэн өдрөөс хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй нь бага хурал хуралдуулахыг зөвшөөрвөл Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээлийн дор уг бага хурлыг хуралдуулна. Бага хуралд хүрэлцэн ирж оролцсон оролцогч улсуудын олонхийн саналаар дэмжигдсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг батлуулахаар Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт нь түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батласнаар болон оролцогч улсуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно.

3. Нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд оролцогч бусад улсын хувьд энэхүү Протоколын заалтууд болон тэдгээрээс өмнө нь батласан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөнө.

17 дүгээр зүйл:

1. Энэхүү Протоколын араб, хятад, англи, франц, орос болон испани хэлээрх эх бичвэрүүд адил хүчинтэй бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивд хадгалагдана.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хувийг Конвецийн оролцогч бүх улс болон Конвенцид гарын үсэг зурсан бүх улсад илгээнэ.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 43 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

Нэмэлт өөрчлөлтийг 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталж, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

Хүүхдийн эрхийн тухай конвенцид оролцогч улсуудын бага хурал нь,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хянахад Хүүхдийн эрхийн хорооны ач холбогдол, түүний гишүүдийн үнэтэй хувь нэмэртэй болохыг оролцогч улсууд хүлээн зөвшөөрч,

Хүүхдийн эрхийн тухай конвенц нь одоогоор оролцогч 181 улстай бөгөөд оролцогч улсууд өгсөн амлалтаа биелүүлэхтэй холбогдсон хүний эрхийн салбар дахь эрх зүйн баримт бичгүүд дотроос хамгийн олон оролцогчтой болохыг тэмдэглэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1995 оны эцэс гэхэд бүх нийтээр соёрхон батлах зорилго тавьж, бүх нийтээр мэдэгдсэнийг анхааралдаа авч,

Хорооны шинжээчид ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх боломжтойг мөн анхааралдаа авч,

энэхүү нэмэлт өөрчлөлт нь хорооны ажлын үр дүнг дээшдүүлэх зорилгоор түүний ажлын аргачлалын ач холбогдлыг дээшлүүлэхтэй цуг дагалдахыг санаж,

1. Хүүхдийн эрхий тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “арав” гэсэн үгийг “арван найм” болгон батлахаар шийдэж,

2. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг конвенцийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулганаар өргөн барихаар шийдэж,

3. Ерөнхий Ассамблейн энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайшааснаар болон оролцогч улсуудын гуравны хоёрын хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болохыг санаж,

4. Хүүхдийн эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ажлынхаа аргачлалыг сайжруулах арга замыг авч хэлэлцэхийг нь уриалж байна.

ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БОЛОН УЛС ХООРОНД ҮРЧЛЭХ АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталж, 1995 оны 5 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон*

Энэхүү Конвенцид гарын үсэг зурсан улсууд,

хүүхдийг өв тэгш хөгжүүлэх үүднээс тэднийг гэр бүлийн болон баяр баясгалан, хайр, ойлголцлын орчинд өсгөн хүмүүжүүлэхийг хүлээн зөвшөөрч,

улс бүр хүүхдийг төрсөн гэр бүлийн халамжинд байлгах зохистой арга хэмжээ тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлэхийг уриалж,

төрөлх улсад үрчлэн авах тохиромжтой гэр бүл олдохгүй тохиолдолд хүүхдийг улс хооронд үрчлэх нь байнгын гэр бүлийн харгалзан үзсэнээр үрчлүүлж буй хүүхдэд тааламжтай байдал олгохыг хүлээн зөвшөөрч,

улс хооронд хүүхэд үрчлэхэд хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн, үндсэн эрхийг нь хүндэтгэж, хүүхэд худалдах, хулгайлах, хил дамнан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг ухамсарлаж,

олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан зарчмууд, тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенц, мөн Хүүхэд хамгаалал, хүүхдийн аж байдлын талаар үндэсний болон улс хооронд хүүхдийг асрамжид шилжүүлэх нийгмийн болон эрх зүйн зарчмуудын тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал (Ерөнхий Ассамблейн 1986 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 41/85 тоот тогтоол)-ыг харгалзан үзэж нийтлэг ойлголт тогтоохыг эрмэлзэн,

дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I ХЭСЭГ

КОНВЕНЦИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

1 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцийн зорилго нь:

(а) улс хооронд хүүхэд үрчлэхэд хүүхдийн дээд ашиг сонирхол болон түүний үндсэн эрх олон улсын эрх зүйд нийцэж байгаа талаар баталгаа бүрдүүлэх;

(b) хүүхэд хулгайлах, худалдах, хил дамнан худалдахаас сэргийлж тэдгээр баталгааг хүндэтгэх үүднээс хэлэлцэн тохирогч улсууд хамтын ажиллагааны тогтолцоо бий болгох;

(c) Хэлэлцэн тохирогч улсууд Конвенцийн дагуу хүүхэд үрчлэхийг зөвшөөрөх явдлыг хангахад оршино.

2 дүгээр зүйл:

1. Хэлэлцэн тохирогч нэг улсад (”төрөлх улс”)/ оршин суугаа, хүлээн авах улсын оршин суугч этгээд буюу төрөлх улсад байгаа гэрлэгчид үрчлэн авсны дараа бусад хүлээн авагч улсад буюу төрөлх улсын дотор ийнхүү үрчлүүлэх зорилгоор хэлэлцэн тохирогч өөр нэг улсад (”хүлээн авагч улс”) хүүхэд шилжин очсон, очих гэж байгаа буюу очиход энэхүү Конвенц үйлчилнэ.

2. Энэхүү Конвенц нь зөвхөн эцэг эх хүүхдийн байнгын харилцаа бий болгох үрчлэлтэд хамаарна.

3 дүгээр зүйл:

Хүүхдийг арван найман нас хүрэхээс өмнө 17 дугаар зүйлийн (с) дэд хэсэгт заасан хэлэлцээ хийгээгүй бол Конвенц үйлчлэхгүй.

II ХЭСЭГ

УЛС ХООРОНД ХҮҮХЭД ҮРЧЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4 дүгээр зүйл:

Конвенцийн хамрах хүрээний дагуу хүүхдийг үрчлэхэд төрөлх улсын эрх бүхий байгууллага:

(а) хүүхдийг үрчлүүлж болохыг тогтоосон;

(b) хүүхдийг асрамж хамгаалалтад шилжүүлэх боломжийг төрөлх улсад судалсны үндсэн дээр улс хооронд үрчлэх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхийг тогтоосон;

(c) дараахь шаардлагыг хангасан. Үүнд:

(1) Хүүхэд үрчлэлтэд шаардагдах хувь этгээд, албан газар, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үр дагаврын тухай, түүнчлэн хүүхэд болон түүний төрсөн гэр бүлийн хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болох эсэх талаар мэдээлэл авах;

(2) тэдгээр хувь этгээд, албан газар, эрх бүхий байгууллага зөвшөөрлөө сайн дураар, хуульд заасан хэлбэрээр бичгээр гэрчлэх буюу илэрхийлэх;

(3) зөвшөөрлийг аливаа төрлийн төлбөр, нөхөн төлбөрт үндэслэж олгоогүй бөгөөд түүнийгээ буцааж аваагүй;

(4) шаардлагатай тохиолдолд эхийн зөвшөөрлийг зөвхөн хүүхэд төрсний дараа авах;

(d) хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан доорх зүйлийг хангасан байна:

(1) хүүхдэд зөвлөгөө өгсөн болон үрчлэх талаар түүнд зохих мэдээлэл өгсөн бөгөөд хэрэв шаардлагатай бол үрчлэн авах тухай түүнээс зөвшөөрөл авах;

(2) хүүхдийн хүсэл, бодлыг анхаарч үзсэн байх;

(3) хэрэв шаардлагатай бол хүүхдээс үрчлэх зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь сайн дураар, хуульд заасан хэлбэр болох бичгээр гэрчлүүлэх буюу илэрхийлэх;

(4) ийм зөвшөөрлийг аливаа төрлийн төлбөр, нөхөн төлбөрийн үндсэн дээр олгохгүй байх.

5 дүгээр зүйл:

Конвенцийн хамрах хүрээний дагуу хүүхдийг үрчлүүлэхэд хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага:

(а) үрчлэн авах гэж буй эцэг эх нь үрчлэх эрхтэй буюу боломжтой гэж тогтоогдсон;

(b) үрчлэн авах гэж буй эцэг эхэд шаардлагатай зөвлөгөө өгсөн байх;

(c) хүүхэд тэрхүү улсад байнга оршин суух, эсхүл нэвтрэх зөвшөөрөлтэй гэдэг нь тогтоогдсон;

III ХЭСЭГ

ЭРХ БҮХИЙ ТӨВ БАЙГУУЛЛАГА БОЛОН ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА

6 дүгээр зүйл:

1. Хэлэлцэн тохирогч улс бүр Конвенцоор хүлээсэн үүргийг гүйцэтгэх эрх бүхий төв байгууллагыг томилон ажиллуулна.

2. Холбооны улс, нэгээс дээш эрх зүйн тогтолцоотой улс, эсхүл бие даасан нутаг дэвсгэрийн нэгж бүхий улсууд нэгээс дээш төв байгууллагыг томилон ажиллуулах эрхтэй бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа явагдах газар нутаг дэвсгэр, хамрах хүрээг тодорхойлно. Нэгээс дээш эрх бүхий төв байгууллагыг томилсон улс тухайн улсын зохих төв байгууллагаар дамжуулан харилцах эрх бүхий нэг төв байгууллагыг томилно.

7 дүгээр зүйл:

1. Хүүхдийг хамгаалах болон Конвенцийн бусад зорилгыг биелүүлэхийн тулд төв байгууллагууд хамтран ажиллаж, улсынхаа эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.

2. Тэдгээр нь доорх асуудлаар холбогдох арга хэмжээг авна:

(а) үрчлэлтийн талаархи өөрийн улсын хууль тогтоомж, статистик, стандартын хэлбэр зэрэг бусад ерөнхий мэдээллээр хангах;

(b) Конвенцийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох, түүний хэрэгжилтэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгах.

8 дүгээр зүйл:

Эрх бүхий төв байгууллагууд шууд буюу төрийн байгууллагаар дамжуулан үрчлэлттэй холбогдуулан зүй бус санхүүгийн буюу бусад ашиг хонжоо олох явдлаас сэргийлэх, Конвенцийн зорилтод харшлах бүх үйлдлийг таслан зогсоох зохистой арга хэмжээг авна.

9 дүгээр зүйл:

Эрх бүхий төв байгууллагууд өөрсдөө буюу тухайн улсад зохих журмын дагуу итгэмжлэгдсэн болон төрийн байгууллагаар шууд дамжуулан доорх асуудлаар холбогдох бүх арга хэмжээг авна:

(а) хүүхэд үрчлэн авах явцыг эцэслэн баримтжуулах зорилгоор үрчлэн авах эцэг эхийн болон хүүхдийн байдалтай холбогдох мэдээлэл цуглуулах, хадгалах, солилцох;

(b) хүүхэд үрчлэх явцыг дэмжин туслах, хянах, түргэтгэх;

(c) өөрийн улсад үрчлэлттэй холбогдсон асуудлаар зөвлөгөө өгөх болон үрчилж авсны дараахь үйлчилгээг өргөжүүлэх;

(d) улс хооронд хүүхэд үрчлүүлэхтэй холбогдсон туршлагын талаархи ерөнхий тайланг харилцан солилцох;

(e) бусад эрх бүхий төв байгууллагууд, төрийн байгууллагуудаас тодорхой нэг үрчлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл авахаар үндэслэлтэй хүсэлт гаргавал өөрийн улсын хуулиар зөвшөөрсөн хэмжээнд хариулт өгөх.

10 дүгээр зүйл:

Итгэн хүлээлгэсэн үүрэг, даалгаврыг зохистой гүйцэтгэх чадвар бүхий байгууллагад итгэмжлэл олгон ажиллуулна.

11 дүгээр зүйл:

Итгэмжлэгдсэн байгууллага нь:

(а) итгэмжлэл олгосон улсын эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцлийн хүрээнд ашгийн бус үйл ажиллагаа явуулна;

(b) улс хооронд хүүхэд үрчлүүлэх ажлын туршлагатай, ёс суртахуун болон сургалтын шалгуурыг хангасан хүмүүсээр удирдуулан ажиллуулах;

(c) тухайн улсын эрх бүхий байгууллага өөрийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа болон санхүүгийн байдлыг хянах.

12 дүгээр зүйл:

Хоёр улсын эрх бүхий байгууллага зөвшөөрсөн бол хэлэлцэн тохирогч нэг улсад итгэмжлэгдсэн байгууллага хэлэлцэн тохирогч нөгөө улсад үйл ажиллагаа явуулж болно.

13 дүгээр зүйл:

Хэлэлцэн тохирогч улс эрх бүхий төв байгууллагуудыг томилсон тухай, түүнчлэн тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ болон итгэмжлэгдсэн байгууллагын нэр, хаягийг олон улсын хувийн эрх зүйн асуудлаар байгуулагдсан Гаагийн бага хурлын байнгын товчоонд мэдэгдэнэ.

IV ХЭСЭГ

УЛС ХООРОНД ҮРЧЛЭХ ЯВЦАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

14 дүгээр зүйл:

Хэлэлцэн тохирогч улс нэг улсад байнга оршин суугаа этгээд хэлэлцэн тохирогч нөгөө улсад байнга оршин суугаа хүүхдийг үрчлэн авахыг хүсвэл байнга оршин суудаг улсынхаа эрх бүхий төв байгууллагад хандана.

15 дүгээр зүйл:

1. Хүсэлт гаргасан этгээд хүүхэд үрчлэн авах боломжтой гэж үзвэл тэдний хувийн шинж, үрчлүүлэхэд тохиромжтой эсэх болон боловсрол, гэр бүлийн болон эрүүл мэнд, өвчний түүх, нийгмийн байдал, үрчлэн авах болсон шалтгаан, улс хооронд хүүхэд үрчлэн авах чадвар болон тэдний асрамжинд очих хүүхдийн байдал зэрэг мэдээлэл агуулсан тайланг хүлээн авагч улсын эрх бүхий төв байгууллага бэлтгэнэ.

2. Тэрбээр тайландаа тухайн хүүхдийн төрөлх улсын эрх бүхий төв байгууллагад хүргүүлнэ.

16 дүгээр зүйл:

1. Хэрэв хүүхдийн төрөлх улсын эрх бүхий төв байгууллага уг хүүхдийг үрчлэх бүрэн боломжтой гэж үзвэл:

(а) хүүхдийн хувийн шинж, үрчлүүлэх боломж, намтар, нийгмийн байдал, гэр бүлийн түүх, өөрийн буюу гэр бүлийн эрүүл мэнд, өвчний түүх болон хүүхдийн онцгой хэрэгцээний талаархи мэдээллийг агуулсан тайлан бэлтгэнэ;

(b) хүүхдийн хүмүүжил, гарал угсаа, шашин шүтлэг, соёлын болон орчны байдалд зохих анхаарал хандуулна;

(c) зөвшөөрлийг 4 дүгээр зүйлийн дагуу олгосон эсэхийг тодруулна;

(d) хүүхэд болон үрчлэн авах эцэг, эхийн талаархи тайланг үндэслэн төлөвлөж буй үрчлэлт хүүхдийн ашиг сонирхолд нийцэж буй эсэхийг тодорхойлно.

2. Тэрбээр, хүлээн авагч улсын эрх бүхий төв байгууллагад хүүхдийн талаархи тайлан, шаардлагатай зөвшөөрлийг авсан тухай нотолгоо болон үрчлүүлэх тухай шийдвэр гаргах болсон шалтгааныг хүргүүлнэ, чингэхдээ эх оронд нь задрааж болохгүй эцэг эхийн талаархи мэдээллийг задраахгүй байхад анхаарна.

17 дүгээр зүйл:

Хүүхдийг үрчлэн авах эцэг эхэд нь даалган хүлээлгэж өгөх шийдвэрийг хүүхдийн төрөлх улсад зөвхөн доорх тохиолдолд гаргана:

(а) тухайн улсын эрх бүхий төв байгууллага үрчлэн авах гэж буй эцэг эхийн зөвшөөрлийг баталгаажуулсан;

(b) хүлээн авагч улсын эрх бүхий төв байгууллага буюу тус улсын хуулиар болон төрөлх улсын эрх бүхий төв байгууллага тийм шийдвэрийг зөвшөөрсөн;

(c) хоёр улсын эрх бүхий төв байгууллага үрчлэлтийн явцыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн;

(d) 5 дугаар зүйлийн дагуу үрчлэн авах эцэг эх нь үрчлэн авах боломжтой бөгөөд хүүхэд хүлээн авагч улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй, эсхүл нэвтрэх зөвшөөрөлтэй гэдэг нь тогтоогдсон.

18 дүгээр зүйл:

Хоёр улсын эрх бүхий төв байгууллага нь хүүхдийн төрөлх улсаас гарч явах, хүлээн авагч улсад нэвтэрч, байнга оршин суух зөвшөөрлийг авахад шаардлагатай бүх арга хэмжээг авна.

19 дүгээр зүйл:

1. 17 дугаар зүйлийн шаардлагыг хангасан тохиолдолд хүүхдийг хүлээн авагч улсад шилжүүлнэ.

2. Хоёр улсын эрх бүхий төв байгууллагууд хүүхдийг баталгаатай, зөв зохистой нөхцөлд шилжүүлэх бүхий л бололцоогоор хангах бөгөөд боломжтой тохиолдолд үрчлэн авах, эцэг эхийг дагалдуулан явуулна.

3. Хүүхдийг шилжүүлээгүй тохиолдолд 15, 16 дугаар зүйлд тусгагдсан тайлан илгээсэн эрх бүхий байгууллагад буцаана.

20 дүгээр зүйл:

Хэрэв туршилтын хугацаа шаардлагатай бол эрх бүхий төв байгууллагууд үрчлэлтийн явцыг эцэслэн дуусгахаар авсан арга хэмжээ, шилжүүлэн суурьшуулах явцын талаар бие биендээ мэдээлнэ.

21 дүгээр зүйл:

1. Хүлээн авагч улсад хүүхдийг шилжүүлсний дараа түүнийг үрчлэн авах эцэг эхийн хамт цаашид байлгахад хүүхдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг эрх бүхий төв байгууллагад мэдэгдвэл тухайн байгууллага хүүхдийг хамгаалах арга хэмжээ авна:

(а) үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг эхээс хүүхдийг буцаан авч, түр асрамжид өгөх;

(b) хүүхдийн төрөлх улсын эрх бүхий төв байгууллагатай зөвшилцөн, хүүхдийг үрчлүүлэх үүднээс цаг алдалгүй шинээр шилжүүлэн суурьшуулах бөгөөд хэрэв энэ арга хэмжээ тохиромжгүй бол урт хугацааны асрамжид өгнө. Хүүхдийн төрсөн улсын эрх бүхий төв байгууллага үрчлэн авах шинэ эцэг эхийн талаар бүрэн мэдээлэл авах хүртэл хүүхдийг үрчлүүлэхгүй;

(c) хүүхдийн ашиг сонирхол шаардвал эцэст нь түүнийг буцаах арга хэмжээ авна;

2. Хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан түүнтэй зөвлөлдөх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн дагуу авах арга хэмжээний хувьд зөвшөөрлийг нь авна.

22 дүгээр зүйл:

1. Энэхүү бүлэгт заасан эрх бүхий төв байгууллагын үүргийг төрийн байгууллагууд, эсхүл III хэсэгт заасны дагуу итгэмжлэгдсэн байгууллагууд тухайн улсын хуулиар зөвшөөрсөн хэмжээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж болно.

2. Хэлэлцэн тохирогч улсууд 15-аас 21 дэх зүйлийн дагуу эрх бүхий төв байгууллагын үүргийг тухайн улсад хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд эрх бүхий байгууллагын хяналтан дор дараахь байгууллага, итгэмжлэгдсэн этгээд гүйцэтгэж болохыг Конвенцийн хадгалагчид мэдэгдэж болно. Үүнд:

(a) шударга, мэргэжлийн өндөр чадвар, туршлага болон тухайн орны хариуцлагыг үүрэх шаардлагыг хангасан;

(b) улс хооронд хүүхэд үрчлэх хүрээнд ёс суртахуун, боловсролын болон ажлын туршлагатай.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч улс олон улсын хувийн эрх зүйн асуудлаар байгуулагдсан Гаагийн бага хурлын байнгын товчоонд эдгээр байгууллага, хүмүүсийн нэр, хаягийг мэдэгдэнэ.

4. Хэлэлцэн тохирогч аливаа улсын эрх бүхий төв байгууллага тухайн улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа хүүхдийг үрчлүүлж болох тухай мэдэгдлийг 1 дэх хэсэгт заасны дагуу Конвенцийн эх хадгалагч улсад мэдэгдэж болно.

5. 2 дахь хэсгийн дагуу гаргасан мэдэгдэл болон 15, 16 дугаар зүйлд заасан тайланг аливаа тохиолдолд 1 дэх хэсгийн дагуу эрх бүхий төв байгууллага буюу бусад байгууллага бэлтгэнэ.

V ХЭСЭГ

ҮРЧЛЭН АВАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

23 дүгээр зүйл:

1. Конвенцийн дагуу холбогдох улсын эрх бүхий байгууллага гэрчилсэн үрчлэлтийг хэлэлцэн тохирогч өөр нэг улсын хуулиар хүлээн зөвшөөрнө. 17 дугаар зүйлийн “с” дэд хэсгийн дагуу хэзээ, хэн зөвшөөрөл өгсөн тухай гэрчилгээнд тусгана.

2. Хэлэлцэн тохирогч улс бүр гарын үсэг зурсан, соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон үедээ Конвенц хадгалагчид тухайн улсад гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагын үүргийг мэдэгдэнэ. Эдгээр эрх бүхий байгууллагын гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт орсон бол энэ тухай мэдэгдэнэ.

24 дүгээр зүйл:

Үрчлэлт төрийн бодлогод илт харшилбал хэлэлцэн тохирогч улс хүүхдийн ашиг сонирхлын үүднээс үрчлэлтийг зөвшөөрөхгүй байж болно.

25 дүгээр зүйл:

Хэлэлцэн тохирогч улс энэхүү Конвенцийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр явагдсан үрчлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ Конвенц хадгалагчид мэдэгдэнэ.

26 дүгээр зүйл:

1. Үрчлэлтийг хүлээн зөвшөөрнө гэдэгт доорх зөвшөөрлийг ойлгоно:

(а) хүүхэд болон үрчлэх эцэг эхийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн;

(b) хүүхдийн өмнөөс үрчлэн авах эцэг эхийн хүлээх хариуцлага;

(c) хэрэв хэлэлцэн тохирогч улсад үрчлэлтээс үүсэх үр дагавар тийм байдаг бол хүүхэд болон түүний эцэг эхийн хооронд өмнө нь байсан харилцаа дуусгавар болно.

2. Эцэг эх, хүүхдийн хооронд урьд байсан эрх зүйн харилцаа дуусгавар болж байгаа үрчлэлтийн хувьд, хүлээн авагч болон үрчлэлтийг хүлээн зөвшөөрсөн бусад хэлэлцэн тохирогч улсад үрчлэлтийн ийм үр дагавраас үүдэн бий болдог эрхийг эдэлнэ. v3. Өмнөх хэсэгт үрчлэлтийг хүлээн зөвшөөрсөн хэлэлцэн тохирогч улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хүүхдэд ашигтай заалтыг хэрэглэхэд саад болохгүй.

27 дүгээр зүйл:

1. Хүүхэд төрсөн улсад явагдсан үрчлэлт нь эцэг эх, хүүхдийн хооронд байсан харилцааг дуусгавар болгох үр дагаваргүй бол үрчлэлтийг Конвенцийн дагуу хүлээн зөвшөөрсөн хүлээн авагч улсад дараахь эрх зүйн үр дагавар бүхий үрчлэлт гэж тооцогдож болно:

(а) хүлээн авагч улсын хуулиар зөвшөөрсөн бол;

(b) 4 дүгээр зүйлийн (c), (d) дэд хэсгүүдэд дурдсан зөвшөөрөл нь ийнхүү үрчлүүлэх зорилгоор олгогдсон бол.

2. 23 дугаар зүйлийг үрчлэлтийн үр дагаврыг шилжүүлэн тогтоох шийдвэр гаргахад хэрэглэнэ.

ЕРӨНХИЙ ЗААЛТ

28 дүгээр зүйл:

Энэхүү Конвенц нь үрчлэлтийг зөвхөн хүүхдийн байнга оршин суух улсад явуулахыг заасан, эсхүл үрчлэлт явагдаж дуусахаас өмнө хүлээн авагч улсад хүүхдийг шилжүүлэхийг хориглосон болон төрөлх улсын хуулийн заалтыг хөндөхгүй.

29 дүгээр зүйл:

Хүүхдийг түүний гэр бүлийн дотор үрчлүүлээгүй буюу хүүхдийн төрөлх улсын эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцлийн дагуу холбоо харилцаа тогтоогоогүй бол үрчлэн авагч эцэг эх болон хүүхдийн эцэг эх буюу асран хамгаалагч бусад этгээд 4 дүгээр зүйлийн (а)-аас (с) хүртэлх дэд хэсэг, мөн 5 дугаар зүйлийн (а) дэд хэсэгт заасан шаардлага хангагдах хүртэл харилцаатай байх ёсгүй.

30 дүгээр зүйл:

1. Хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий байгууллагууд хүүхдийн гарал, ялангуяа хүүхдийн эцэг эхийн танигдах мэдээлэл, эрүүл мэнд, өвчний түүхтэй холбоотой мэдээллийг хадгална.

2. Тэдгээр байгууллага нь хүүхэд буюу түүний төлөөлөгчийг дээрх мэдээллээр тухайн улсын хуулиар зөвшөөрсөн хэмжээнд зохих удирдамжийн дагуу хангана.

31 дүгээр зүйл:

30 дугаар зүйлийн хэрэгжилтэд хохирол учруулахгүйгээр, Конвенцийн дагуу цуглуулсан буюу дамжуулсан хувийн мэдээлэл, ялангуяа 15, 16 дугаар зүйлд тусгагдсан мэдээллийг зөвхөн цуглуулах буюу дамжуулах зорилгоор ашиглана.

32 дүгээр зүйл:

1. Улс хооронд хүүхэд үрчлүүлэхтэй холбогдох явдлаас хэн ч санхүүгийн буюу бусад ашиг хонжоо олох ёсгүй.

2. Үрчлэх ажиллагаанд оролцсон мэргэжлийн хүмүүсийн хөлс болон бусад зардлыг нэхэмжлэх буюу төлж болно.

3. Үрчлэх ажиллагаанд оролцсон байгууллагуудын захирал, гүйцэтгэх ажилтнууд нь үзүүлсэн үйлчилгээтэй харьцуулахад бодит бус, өндөр хөлс, төлбөр авах ёсгүй.

33 дүгээр зүйл:

Конвенцийн аливаа заалтыг хүндэтгэн үзээгүй, эсхүл хүндэтгэхгүй байх ноцтой эрсдэл буй гэж эрх бүхий байгууллага үзвэл энэ тухайгаа өөрийн улсын эрх бүхий төв байгууллагад даруй мэдээлнэ. Энэхүү эрх бүхий төв байгууллага нь зохих арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

34 дүгээр зүйл:

Баримт бичгийг хүлээн авах улсын эрх бүхий байгууллага эх хувьтай нь нийцсэнийг гэрчилсэн орчуулгаар хангана. Өөрөөр заагаагүй бол орчуулгын зардлыг үрчлэн авах эцэг, эх хариуцна.

35 дүгээр зүйл:

Хэлэлцэн тохирогч улсуудын эрх бүхий байгууллагууд үрчлэлтийг шуурхай явуулна.

36 дүгээр зүйл:

Үрчлэлтийн харилцаанд хоёр буюу түүнээс дээш эрх зүйн тогтолцоо үйлчлэх улсын нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хувьд:

(а) тухайн улсад байнга оршин суух тухай заалтыг тухайн улсын нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суух хэмээн;

(b) тухайн улсын хуулийн тухай заалт нь тухайн улсын холбогдох нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байгаа хууль хэмээн;

(c) тухайн улсын эрх бүхий байгууллага, төрийн байгууллагын талаархи заалт нь холбогдох нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын талаархи заалт хэмээн;

(d) тухайн улсын итгэмжлэгдсэн байгууллагын талаархи заалт нь холбогдох нутаг, дэвсгэрийн нэгжид ажиллах итгэмжлэгдсэн байгууллагын талаархи заалт хэмээн ойлгоно.

37 дүгээр зүйл:

Янз бүрийн бүлэг хүмүүст үйлчлэх үрчлэлтийн харилцаанд үйлчлэх хоёр буюу түүнээс дээш эрх зүйн тогтолцоотой улсын хувьд тус улсын хуулийн талаархи аливаа заалт нь тухайн улсын хуулиар тодорхойлсон хуулийн тогтолцоонд хамаарна.

38 дүгээр зүйл:

Эрх зүйн нэгдмэл тогтолцоотой улс Конвенцийг дагаж мөрдөх үүрэг хүлээгээгүй бол үрчлэх асуудлаар өөрийн эрх зүйн журам бүхий нутаг дэвсгэрийн нэгжүүд Конвенцийг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй.

39 дүгээр зүйл:

1. Тус Конвенцоор зохицуулсан асуудлаар зүйл, заалтыг агуулсан хэлэлцэн тохирогч улсуудын нэгдэн орсон олон улсын гэрээ, тэдгээр улсаас холбогдох мэдэгдэл хийгээгүй нөхцөлд энэхүү Конвенцийг хөндөхгүй.

2. Аливаа хэлэлцэн тохирогч улс Конвенцийн хэрэглээг дээшлүүлэх зорилгоор нэг буюу түүнээс дээш хэлэлцэн тохирогч улстай харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээр байгуулж болно. Эдгээр хэлэлцээр нь зөвхөн 14-өөс 16 болон 18-аас 21 дэх зүйлийг баримтлахгүй байж болно. Ийм хэлэлцээр байгуулсан улсууд хэлэлцээрийн нэг хувийг Конвенцийн мэдэгдлийг хүлээн авагчид хүргүүлнэ.

40 дүгээр зүйл:

Энэхүү Конвенцид тайлбар хийхгүй.

41 дүгээр зүйл:

14 дүгээр зүйлийн дагуу гаргасан өргөдлийг, хүлээн авагч улс болон хүүхэд төрсөн улсад Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хүлээн авсан бүх тохиолдолд энэхүү Конвенц үйлчилнэ.

42 дүгээр зүйл:

Олон улсын хувийн эрх зүйн асуудлаарх Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Конвенцийн хэрэгжилтийг хянах зорилгоор тодорхой хугацаанд тусгай комисс хуралдуулж байна.

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

43 дүгээр зүйл:

1. Олон улсын хувийн эрх зүйн асуудлаарх Гаагийн бага хурлын 17 дугаар чуулганы үед гишүүн байсан улсууд болон тус чуулганд оролцсон бусад улс гарын үсэг зурахад энэхүү Конвенц нээлттэй.

2. Конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл батласан тухай баримт бичгийг Конвенцийн талаархи мэдэгдэл хүлээн авагч болох Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яаманд хадгалуулна.

44 дүгээр зүйл:

1. Конвенц 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүчин төгөлдөр болсны дараа аливаа бусад улс түүнд нэгдэн орж болно.

2. Нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалагчид хадгалуулна.

3. Ингэж нэгдэн орох нь Конвенцийн 48 дугаар зүйлийн “b” дэд хэсэгт дурдсан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэлэлцэн тохирогч улс хоорондын харилцаанд хамаарна. Нэгдэн орсны дараа энэхүү Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах үед улсууд мөнхүү эсэргүүцэл үзүүлж болно. Аливаа ийм эсэргүүцлийн талаар гэрээ хадгалагчид мэдэгдэнэ.

45 дүгээр зүйл:

1. Хэрэв тухайн улс энэхүү Конвенцтой холбоотой асуудлаар эрх зүйн өөр тогтолцоо бүхий хоёр, түүнээс дээш нутаг дэвсгэрийн нэгжтэй бол гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрсөн, батлах, эсхүл нэгдэн орох үедээ тус улс нь энэхүү Конвенцийг өөрийн нутаг дэвсгэрийн бүх нэгжүүд, эсхүл нэг ба түүнээс илүү нэгжид хэрэглэх тухайгаа мэдэгдэж болох бөгөөд, энэ мэдэгдлээ хэдийд ч өөр мэдэгдэл гарган өөрчилж болно.

2. Аливаа ийм мэдэгдлийн талаар гэрээ хадгалагчид мэдэгдэх ёстой бөгөөд энэхүү Конвенцийг дагаж мөрдөх нутаг дэвсгэрийн нэгжүүдийг тодорхой заана.

3. Хэрэв тухайн улс энэ зүйлийн дагуу мэдэгдэл гаргаагүй бол энэхүү Конвенц тухайн улсын нутаг дэвсгэрийн бүх нэгжүүдэд үйлчилнэ.

46 дүгээр зүйл:

1. Энэхүү Конвенц нь 43 дугаар зүйлийн дагуу соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл батласан гурав дахь баримт бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын хугацаа өнгөрмөгц дараагийн сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2. Ингэснээр Конвенц нь:

(а) түүнийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэгдэн орсон улсын хувьд соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын хугацаа өнгөрмөгц дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

(b) 45 дугаар зүйлийн дагуу Конвенц үйлчилж байгаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд дээрх зүйлд дурдсан мэдэгдэл гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрмөгц дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

47 дүгээр зүйл:

1. Конвенцийн гишүүн улс гэрээ хадгалагчид бичгээр мэдэгдэл гарган түүнийг цуцалж болно.

2. Мэдэгдлийг гэрээ хадгалагч хүлээн авсан өдрөөс хойш арван хоёр сарын хугацаа өнгөрмөгц дараагийн сарын эхний өдрөөс эхлэн Конвенцийг цуцална. Мэдэгдэлдээ Конвенцийг цуцлах удаан хугацаа тогтоосон бол гэрээ хадгалагч мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш мөнхүү хугацаа дууссаны дараа цуцална.

48 дүгээр зүйл:

Гэрээ хадгалагч олон улсын хувийн эрх зүйн асуудлаарх Гаагийн бага хурлын гишүүн улсууд, арвандолдугаар чуулганд оролцсон бусад улс болон 44 дүгээр зүйлийн дагуу нэгдэн орсон улсуудад доорх мэдээллийг өгнө:

(а) 43 дугаар зүйлд дурдсан гарын үсэг зурсан, соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан тухай;

(b) нэгдэн орсон болон 44 дүгээр зүйлд дурдсаны дагуу нэгдэн ороход эсэргүүцсэн тухай;

(c) 46 дугаар зүйлийн дагуу Конвенцийн хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр;

(d) 22, 23, 25, ба 45 дугаар зүйлүүдэд дурдсан мэдэгдэл, томилолтын тухай;

(e) 39 дүгээр зүйлд дурдсан хэлэлцээрийн тухай;

(f) 47 дугаар зүйлд дурдсан хүчингүй болгох тухай. Үүнийг нотолж, өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсоны дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Гааг хотноо англи, франц хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна. Эх бичвэрийг Нидерландын Вант Улсын Засгийн газрын архивт хадгалах бөгөөд нэг хувийг баталгаажуулж арван долдугаар чуулганы үед олон улсын хувийн эрх зүйн асуудлаар байгуулагдсан Гаагийн бага хурлын гишүүн улсуудад болон уг чуулганд оролцсон улс бүрт илгээнэ.

 

Цаг агаар

10-р сар 2018
17
Лхагва
03:46
BuaXua Calendar

Холбоос

cabinet
huchirhiilliin esreg
hun am hugjil
huuhdiin toloo
legalinfo
sergeen zasalt